ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-27 08:10:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурал хамтран Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган Төрийн ордонд өнөөдөр эхэлнэ.


Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар чанартай боловсрол олгож,  ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн  эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, орон бүрийн парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамжийг хэлэлцэх юм.


Монгол Улсын Их Хурал олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны зургаадугаар сард “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ. Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 30 гаруй орны болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгч оролцох юм.


1899 онд байгуулсан ОУПХ дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Монгол Улс ОУПХ-нд 1962 онд элссэн бөгөөд эдүгээ УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Н.Учрал нар ОУПХ-ны бүрэлдэхүүн хороодод гишүүнээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ