Боловсролын салбарт хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-27 10:40:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ “Боловсролын салбарын судалгаа” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг судалгааг Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэх дөрөв дэх удаагийн мастер төлөвлөгөөг боловсруулах зорилтын хүрээнд явуулсан байна.

Тус хэлэлцүүлгийг, өмнөх гурван мастер төлөвлөгөөний хэрэгжилт, тэдгээрийн үр дүнг тодорхойлох, өнөөдөр тулгамдаж буй асуудалд шийдэл гаргахад чиглэжээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, судалгааны дүнг зөвхөн мастер төлөвлөгөө боловсруулахад ашиглаад зогсохгүй боловсролын салбарын багц хуульд шинэчлэл хийх, салбарын бодлого, төлөвлөлт, дүрэм, журмыг боловсруулахад мэдээллийн эх сурвалж болгон ашиглах боломжтойг онцлов.

Ирээдүйд ул суурьтай, тооцоо судалгаатай хандах нь салбарын бодлого, эрх зүйн зохицуулалт тогтвортой байхын үндэс болно гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ. Мөн профессор Д.Бадарч дэлхий дахины сургалтын онол, хандлагад ямар өөрчлөлт гарч байгааг анзаарч тооцох ёстой. Багш бол хичээл заадаг хүн биш сургах үйл явцын дизайнер болчихлоо. Тэгэхээр хуучин төсөөллөөр ирээдүйг төлөвлөж болохгүй гэсэн юм.

Тогтвортой хөгжлийн зорилго болон 2030 он хүртэлх боловсролын “тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн боловсролоор хангах” зорилт, үзэл санаанд нийцүүлэх ёстойг олон улсын байгууллагын төлөөлөл санууллаа.

Дашрамд дурдахад, 1990-ээд оны өөрчлөлт шинэчлэлтийн дараагаас буюу 1994 оноос хойш Монгол Улсын боловсролын салбар гурван удаа мастер төлөвлөгөө баталж, хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд 2006-2015 оны мастер төлөвлөгөөг хэрэгжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл мастер төлөвлөгөөгүй явж байна. Тиймээс БСШУСЯ-ны хүсэлтээр Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн дэмжлэгтэй Монгол Улсын Боловсролын салбарыг хөгжүүлэх дөрөвдүгээр мастер төлөвлөгөөг боловсруулах ажлыг 2018 оны зургадугаар сараас эхлүүлжээ. Уг төлөвлөгөөг боловсруулж, батлуулснаар боловсролын салбар 2020-2030 он хүртэл хөгжих “замын зурагтай” болох юм. 

Холбоотой мэдээ