“Инээж буй хүүхэд” чуулганд 200 орчим хүүхэд оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Дүгэржавын ивээл дор “Инээж буй хүүхэд” сэдэвт хүүхдийн нэгдсэн чуулган зохион байгуулав.
Хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, бодлого, эрх зүйн шинэчлэлд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулах, хүүхэд өсвөр үеийнхний дуу хоолойг сонсох, тэдний оролцоонд суурилсан хөгжлийн чиг хандлагыг төлөвшүүлэхэд чуулганы зорилго чиглэж байлаа.
"Инээж буй хүүхэд" чуулганд 17 сумын ерөнхий боловсролын сургуулиудаас 200 орчим хүүхэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэв.
Ховд аймаг 88447 хүн амтай. Үүний 33914 буюу нийт хүн амын 38.3 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Өнгөрсөн 2018 оны байдлаар аймгийн ГБХЗХГ-т хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийн шинжтэй 85 дуудлага бүртгэгдсэн бол энэ оны эхний улиралд 35 дуудлага мэдээлэл бүртгэж, сумдын хүүхэд хамгааллын хамтарсан багаар дамжуулан хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Дуудлага мэдээллийн 20 орчим хувь нь хүүхдийн өгсөн мэдээлэл байгаа юм. Энэ нь хүүхэд хамгааллын ажилд хүүхдийн оролцоо бага байгааг харуулж байна. Тиймээс энэхүү зөвлөгөөний үр дүнд хүүхэд хамгааллын ажлын явц эрчимжиж, хүүхэд бүрийн оролцоо нэмэгдэх, тэд өөрийн болон найз нөхдийнхөө эрхийг хамгаалах, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэх боломж өргөжих давуу талтай.
Чуулганы зохион
байгуулагчаар аймгийн ИТХ-ын ажлын алба, ГБХЗХГ, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн
хөтөлбөр хамтран ажиллалаа.