УИХ-ын гишүүн Б.Ундармаа Энэтхэгийн парламентын гишүүдийг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-27 18:43:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-ын парламентын Дээд танхимын гишүүн Шри Сушил Кумар Гупта, Жарна Дас Вайда нарыг хүлээн авч уулзав.  


Уулзалтын эхэнд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа “Манай сайхан оронд болж байгаа Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон улсын парламентын холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна” хэмээгээд хоёр орны парламент хоорондын болон бусад салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч мэдээлэв.


Хариуд нь БНЭУ-ын парламентын  Дээд танхимын гишүүн Шри Сушил Кумар Гупта хүлээн авч уулзсанд талархахын зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаанд сэтгэл өндөр явдагаа илэрхийллээ.


Талууд хоёр орны боловсрол, соёл, программ хангамжийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөжүүлж, цаашид худалдаа, аж үйлдвэр, техникийн салбар зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай талаар санал солилцоод, парламентын түвшинд санаачлагатай ажиллахад санал нэгдэв гэж  УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ