МСҮТ төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байртай болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-28 18:08:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон Улсын Парламентын Холбоо  /ОУПХ/-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид Төв аймгийн Зуунмод сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй танилцав.


МСҮТ-ийн захирал Б.Жаргалмаа хэлэхдээ, "Энэ онд 13 мэргэжлээр 350 гаруй хүүхэд суралцаж байна. Төр засгаас Тогтвортой хөгжлийн зорилго /ТХЗ/-ын хэрэгжилтийн асуудалд анхааран МСҮТ-ийг дэмжиж байна. Тухайлбал, МСҮТ-д суралцаж байгаа оюутанд  энэ оноос сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгодог болсон. Энэ нь суралцагч оюутны тоог нэмэгдүүлэх, тэднийг бодитоор дэмжиж буйн томоохон илрэл болсон" гэв. 



Зуунмод сумын МСҮТ гадны төсөл хөтөлбөрүүдтэй хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаас гадна багшлах боловсон хүчний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч байгаа аж. Төлөөлөгчид МСҮТ-ийн дадлагын байруудад очиж, оюутнуудын дадлага хичээлийн явцыг сонирхсон юм. ТХЗ-ыг хангах чухал үзүүлэлт бол мэргэжилтэй боловсон хүчин билээ. Хүн бүрийг ядуурлаас ангид байлгахын тулд ажилтай, боловсролтой байлгах нь төр засгийн бодлогоос хамаардаг. Энэ  чиглэлээр Монгол төрийн бодлого газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцахад маш их ирээдүй харагдаж байна хэмээн Шинэ Зеланд улсын парламентын гишүүн Дэвид Картер ярилаа.



Манай улсын хэмжээнд 83 МСҮТ байдгийн, дөрөв нь Төв аймагт байдаг. Судалгаагаар, МСҮТ төгсөгчдийн 70 гаруй хувь нь ажлын байртай болдог. Иймээс ТХЗ-ын хэрэгжилтийг хангах хүрээнд, МСҮТ-ийг дэмжих нь зүйтэй гэдэгт ОУПХ-ны гишүүд санал нэгдэж байсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ