“Лалын улс” Туркийн еврейчүүдэд халдахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-29 14:39:19

ЛОНДОН. /TASS/. Террорист “Лалын улс” бүлэглэл Туркт еврейчүүдийн сургууль, цэцэрлэг болон залуучуудын төвүүдэд халдлага үйлдэхээр төлөвлөсөн тухай Британийн телевизийн “Sky news” суваг тагнуулын албадын эх сурвалжуудын мэдээллийг иш татан уламжилжээ.

Тус сувгийн мэдээлснээр, “гарцаагүй” халдлага үйлдэхээр бэлтгэж байгаа тухай мэдээллийг Туркийн өмнөд нутагт оршдог Газиантеп хотод өнгөрсөн долоо хоногт баривчилсан зургаан лалын шашинтнаас авсан байна. Террористуудын халдлага үйлдэх хамгийн өндөр магадлалтай бай нь Истанбул хотын Бейоглу дүүрэгт оршдог, дэргэдээ сургууль, соёлын төвтэй еврейн сүм болж магадгүй.

“Халдлагыг хэдийд үйлдэхээр товлосныг бид мэдэхгүй байна. Маргааш эсвэл ойрын хэд хоногт үйлдэж болзошгүй. Энэ аюулыг илүү бодитой гэж хэлж болно” гэж тагнуулын албадын нэгийнх нь эх сурвалж хэлснийг  “Sky news” суваг цохон тэмдэглэж байна.

Тус сувгийн онцлон тэмдэглэж буйгаар, Туркийн еврей иргэдэд энэ аюулын талаар мэдээлэл өгчээ. Үүнээс гадна, Туркийн цагдаа нар аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ