Орчны эрсдэлийг бууруулах талаар хүүхдүүд үзэл бодлоо илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-05-30 14:38:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, JCI impact салбар байгууллага, НБГ-аас хамтран зохион байгуулсан “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдааны эцсийн шалгаруулалт Багшийн хөгжлийн ордноо өнөөдөр боллоо.


Эсээ бичлэгийн уралдаан нь нийслэлийн ЕБС-ийн орчны эрсдэлийг бууруулах, аюулгүй орчин бүрдүүлэхэд сурагчдын дуу хоолойг сонсож, тэдний оролцоотой аюул эрсдэлийг урьдчилан харж сэргийлэх, бусдад найдах биш өөрчлөлтөд хэрэгтэй зүйлсийг анзаарах сэтгэлгээг суулгах, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой юм.

Уралдаанд дунд, ахлах бүлгийн 8, 10, 11 дүгээр ангийн сурагчид оролцсоноос 49 дүгээр сургуулийн 250 гаруй сурагч бүтээл илгээсэн байна. Эхний шатны шалгаруулалтаар 18 эсээ шалгарч, шалгарсан сурагчид эсээний утга санаагаа илтгэл тавьж өрсөлдөх юм.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэлсэн үгэндээ, Та бүхний бичсэн эсээг уншихад сэтгэл хөдөлгөсөн, эмзэглүүлсэн, бидний ажлын зүг чигийг заасан, ажил хэрэг болгохуйц олон санаа туссан байна. Бид хүүхдийнхээ дуу хоолойг сонсож, эсээнд тусгасан санаа бүрийг ажил хэрэг болгохын төлөө явах болно. Өнөөдөр эсээ бичлэгийн уралдаанд бусдыгаа манлайлан оролцсон шигээ үргэлж үг үйлдэл бүрээрээ манлайлагч байхыг хүсье гээд оролцогчдод амжилт хүслээ.

 JCI Импакт салбар байгууллага НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Чанартай боловсрол, Ээлтэй хот, Иргэдийн оролцоо” уриатай, ЕБС-ийн сурагчдыг ирээдүйдээ итгэлтэй, хариуцлагатай, санаачилгатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болж төлөвшихөд дэмжин туслах алсын хараатай “ULAANBAATAR DREAM SUMMIT” төслийг санаачлан БСШУСЯ, Нийслэлийн Боловсролын газартай хамтран урт хугацаанд тогтвортой, бодит үр дүнд хүрэхээр зорин ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газраас 2019-2020 оны хичээлийн жилийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. БСШУСЯ-наас 2019 оныг “Ёс зүйн боловсролын жил болгон зарлаад байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд зохион байгуулсан сургуулийн орчны үнэлгээгээр нийт сургуулийн 13 хувь нь их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Орчны эрсдэлийг бууруулахад хүүхдийн оролцоо, хүсэл, санаа бодол чухал үүрэгтэй. Тиймээс энэ удаагийн уралдаан олон талын үр өгөөжтэй болохыг зохион байгуулагчид нь хэллээ.


Холбоотой мэдээ