Ховд аймгийн нийт нутгийн 72 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-31 12:56:46

Ховд /МОНЦАМЭ/. Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг угтаж  Ховд их сургууль  "Цөлжилт газрын доройтол, түүнийг бууруулах арга зам" сэдэвт сургалт зохион байгууллаа.  

Тус сургалтад Ховд их сургуулийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн багш оюутнууд, аймгийн ХХААГ болон Байгаль орчны салбар байгууллагуудын мэргэжилтнүүдийн төлөөлөл 40 гаруй  хүн хамрагдав.

Сүүлийн жилүүдэд цаг агаарын эрс тэс уур амьсгал, хэт халалтаас шалтгаалан газрын доройтол, цөлжилт нэмэгдэх болсон. Одоогийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 76.8 хувь нь цөлжсөн. Үүнээс 23 хувийг зайлшгүй нөхөн сэргээх шаардлагатай гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл  Ховд аймгийн хэмжээнд нийт нутгийн 72 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртжээ. Үүнд зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа асуудал нь элсжилт, давсжилт юм. Тиймээс энэ удаагийн сургалтын хүрээнд бүс нутгийн цөлжилт, газрын доройтлын өнөөгийн нөхцөл байдал, түүнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлс, цаашид анхаарах шаардлагатай асуудлын талаар оролцогчид харилцан санал солилцож, байгаль эх дэлхийгээ хамгаалах,эвдэрсэн газрыг нөхөн сэргээх гарц шийдлийг хамтдаа эрэлхийллээ.

Энэ үеэр оролцогчид бүс нутгийн цөлжилт, газрын доройтлыг бууруулахын тулд аймаг, сумдын ногоон байгууламжийг  нэмэгдүүлэх,  иргэд олон нийт, хүүхэд  багачуудыг  энэ  төрлийн мэдлэг мэдээллээр хангах, соён гэгээрүүлэх, улмаар эвдэрсэн газруудыг нөхөн сэргээх ажлыг үе  шаттайгаар  хийж хэрэгжүүлэх шаардлагатай зэрэг санал гаргалаа. Мөн цөлжилт, газрын доройтлыг  бууруулахад  иргэд  олон нийтийн  хамтын  оролцоо чухал бөгөөд цаашид  иргэд  ядаж л  ногоон  зүлэг дээр гишгэхгүй байхыг уриалав.

Энэ удаагийн сургалтыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, БНХАУ-ын ШУА-ийн Хүйтэн ба Хуурай бүсийн байгаль орчин, инженерчлэлийн хүрээлэн, Эко-Инноваци хөгжлийн төв зэрэг байгууллага дэмжин ажилласан бөгөөд. цаашид  эдгээр байгууллагын  судалгаа шинжилгээний багууд хамтран ажиллахаар боллоо.

  



Холбоотой мэдээ