Хезболлах бүлэглэлийн сүүлийн нүхэн гарцыг устгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamdavaa@montsame.gov.mn
2019-06-05 13:59:57

ЙЕРУСАЛИМ. /FOXNEWS/. Израилын Зэвсэгт хүчин Ливаны хойд хил дээр Хезболлах бүлэглэлийн барьсан газар доогуурх нүхэн гарцыг хагас жилийн дараа олж устгалаа.


Израилын Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч дэслэгч генерал Жонатхан Конрикусийн мэдээлж буйгаар, өнгөрсөн даваа гарагт Хезболлахын хамгийн гүн бөгөөд урт нүхэн гарцыг илрүүлсэн байна. Уг нүхэн гарц нь 80 метрийн гүнд байжээ.


Израилын Зэвсэгт хүчин "Хойд хамгаалалт" нэртэй ажиллагааг өнгөрсөн оны 12 дугаар сараас явуулж эхэлсэн байна. Уг ажиллагааны үеэр Хезболах бүлэглэлийн Израил улсын хил доогуур барьсан 6 нүхэн гарцыг илрүүлэн устгасан. Ийм гарцуудыг нутаг дэвсгэрт нь халдлага үйлдэхдээ ашиглаж байсан гэж Израилын эрх баригчид үзэж байгаа аж . Одоогоор нүхэн гарцуудыг барьсан эсэх талаар Хезболлах бүлэглэл мэдэгдэл хийгээгүй байна.


Дэслэгч генерал Жонатхан Конрикусийн хэлж буйгаар, "Зэвсэгт хүчин ажиллагаагаа дуусгаагүй бөгөөд цаашид Хезболлах бүлэглэлийн Ливан-Израилын хилийн доогуур барьсан нүхэн гарцуудыг илрүүлэн устгах" юм байна.

Холбоотой мэдээ