БСШУСЯ, “Эрдэнэт үйлдвэр”-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-04 10:06:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны XXXII олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг дэмжих харилцан ойлголцлын санамж бичгийг БСШУСЯ, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газартай байгууллаа.


“Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” тухай санамж бичигт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурах ёслол Орхон аймагт болов.

Санамж бичигт гарын үсэг зурснаар олимп, паралимпад бэлтгэж буй баг тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпын эрх олгох, оноо цуглуулах тэмцээнд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх илүү боломж бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд Төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого, дэмжлэгт онцгой ач холбогдол өгч шат дараалсан олон ажил хэрэгжүүлж байна. Тэдгээрээс гол анхаарал хандуулж буй нь “Токио-2020” зуны XXXII олимпын наадмын бэлтгэл ажил юм. Энэ ажлын хүрээнд, “Олимпын наадамд бэлтгэх үндэсний хороо”-г өнгөрсөн 2018 онд үүсгэн байгуулсан. Тус хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, орлогч даргаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар ажиллаж байна.

Монголын баг 2008 оны олимпод түүхэн амжилт гаргасан. Энэ удаагийн “Токио-2020” зуны XXXII олимпын наадам цагийн зөрүүгүй, ижил бүс нутагт болох давуу талтай тул "Бээжин-2008"-ын амжилтаа бататгах болон ахиулах зорилго тавьж байна.

Холбоотой мэдээ