"Банк бидний амьдралд" сэдэвтэй гар зургийн уралдааны дүн гарлаа

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-06-05 10:18:51

Говь-Алтай /МОНЦАМЭ/ "Банкны хөгжил-95 жил" аяны хүрээнд Төрийн банкны Говь-Алтай салбараас санаачлан тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан "Банк бидний амьдралд" сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа.

Тус зургийн уралдааны шилдгийг шалгаруулахдаа ирсэн бүтээлүүдийг цахимд нийтлэн хамгийн их хандалт авснаар нь шилдэг таван бүтээлийг тодруулжээ. Нэгдүгээр байрт Есөнбулаг сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 12а ангийн сурагч Д.Бишрэлтийн бүтээл шалгарсан бол хоёрдугаар сургуулийн 8а ангийн сурагч С.Азжаргал, нэгдүгээр сургуулийн 9д ангийн сурагч Д.Тамжидмаа нарын бүтээл удаалжээ.

Харин тусгай байрт Есөнбулаг сумын ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 7в ангийн сурагч Т.Буянтогтох, нэгдүгээр  сургуулийн 9д ангийн сурагч Б.Сумьяабазар, дөрөвдүгээр сургуулийн 7в ангийн сурагч М.Ган-Ундарга, нэгдүгээр сургуулийн 7в ангийн сурагч Д.Номин, хоёрдугаар сургуулийн 8б ангийн сурагч Х.Мөнх-Оргил нар тус тус эзэллээ.

Удирдамжийн дагуу тусгай байр хоёр сурагч шалгаруулах байсан хэдий ч оролцсон бүх сурагчдаа Өргөмжлөл гарын бэлгээр урамшуулжээ.