Япон эрдэмтэн ШУА-ийн хүндэт доктор цол хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-06 15:32:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөлжилтийг бууруулах судалгаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Японы Кюшугийн их сургуулийн профессор Ясуфүкү Нориюкид өнөөдөр Монгол улсын ШУА-ийн “Хүндэт доктор” цол олгов.


Тэрээр Кюшугийн их сургуулийн судлаачдыг ахлан ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн судлаач эрдэмтэдтэй хамтран сүүлийн 10 жил ажиллажээ. Энэ хугацаанд Баянхонгор аймгийн Богд суманд эмийн ургамал тарьж цөлжилтийг бууруулах судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнд Богд, Баацагаан суманд “Урал чихэр” өвсний ургах орчныг нарийвчлан тогтоожээ.


Судалгаанд үндэслэн, дээрх эмийн ашигт ховор ургамлыг цөлжсөн газрын хөрсөнд хамгийн бага ус зарцуулж тариалах дэвшилтэт технологийг боловсруулахаар ажиллаж байгаа аж.  Энэ ажил нь байгальд ээлтэй ногоон хөгжлийг говийн сумдад бий болгох, орон нутагт шинэ ажлын байр бий болгох ач тустай. Мөн цөлжилтийг бууруулах, орлогын шинэ эх үүсвэртэй болох зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ