Хятад улс Монголоос анх удаа мах импортоллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /chinanews/. БНХАУ-ын Шинжаан-Уйгарын ӨЗО-ы Хами бүс нутгийн хяналт, хорио цээрийн газраас мэдээлснээр, тус бүс нутгийн хяналт, хорио цээрийн газар энэ сарын 2-ны өдөр Монгол Улсаас импортолж буй 16 тонн хонины хөлдөөсөн, ястай махыг гаалиар нэвтрүүлэхээр болсон байна. Дараагийн өдөр нь эдгээр махыг Шинжаан-Уйгарын ӨЗО Лаоемяо боомтоос Хятадын хойд болон зүүн хойд бүс нутаг руу борлуулахаар нийлүүлжээ. Шинжааны боомтоор 20 гаруй жилийн дараа анх удаа мах импортолж буй нь энэ бөгөөд мөн Хятад улс анх удаагаа Монгол Улсаас хонины мах импортолж буй аж.
2015 оны 10 дугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас Монгол Улсын үхэр, хонины махны хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалтын системд үнэлгээ судалгаа хийсэн. Мөн оны 11 дүгээр сарын 5-нд Хятад улс Монгол Улсын Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор зэрэг баруун бүсийн 5 аймгаас үхэр хонины мах импортлохоор болсон. 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хятад улсын Хорио цээр, хяналт шалгалтын ерөнхий газар болон Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хооронд Монголын хонь, үхрийн махыг Хятад руу импортлох протоколд гарын үсэг зурсан байна.
Хятадын Шинжаан-Уйгарын ӨЗО нь Монгол Улсын баруун бүс нутагтай 1000 гаруй км хилийн шугамаар хиллэдэг бөгөөд газар зүйн байршлын хувьд давуу талтай, байгалийн нөөц баялаг ихтэй боловч зам харилцааны нөхцөл байдлаас болоод хоёр тал хоорондын худалдаа хязгаарлагдмал байгаа юм.
Лаоемяо боомт нь Монгол Улсын Говь-Алтай аймгийн Бургастай боомтоос 68 км зайтай орших бөгөөд уг Монгол Улсын байгалийн нөөц, эрчим хүч, бараа материалын бас нэгэн гол суваг болж байдаг. Энэ удаагийн махны импорт нь олон жилийн турш ашигт малтмалын бүтээгдэхүүний импортоор голлож байсан Лаоемяо боомтод худалдааны бас нэгэн шинэ төрлийг нээж, Монгол, Хятад хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа болон найрсаг харилцаанд түлхэц үзүүлж, хоёр орны “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн бүтээн байгуулалтад шинэ агуулгыг нэмж буй юм.
С.Мягмардулам