Монголоос XXI зуунд тодорсон олимпын анхны медальтан

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-06-07 11:54:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголоо алдаршуулсан олимпын баатрууд” хэмээх цуврал нийтлэл, ярилцлагынхаа 15 дахь цувралыг толилуулж байна.

                                     

XXI зууны хоёр дахь зуны олимп “Афин-2004” XXVIII наадмаас Монголын баг тамирчдын шинэ зууны анхны медалийн салхийг хагалсан тамирчин бол жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д хүрэл медаль хүртсэн Хашбаатарын Цагаанбаатар билээ.

 

Монголын тамирчдын олимпын медалийн буухиаг үргэлжлүүлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар 1984 оны гуравдугаар сарын 19-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн.


 

2000 оны Сиднейн зуны XXVII олимпын наадмаас манай тамирчид ганзага хоосон ирж Монголын тамирчдын олимпын медалийн буухиа тасраад байхад, 20 настай жүдоч Х.Цагаанбаатар 2004 оны Афины олимпоос Монголын баг тамирчдаас ганцаараа хүрэл медаль хүртэж, медалийн буухиаг үргэлжлүүлсэн түүхэн гавьяаг байгуулсан юм. Монгол улс зуны олимпын наадамд 10 дахь удаагаа оролцохдоо цорын ганц хүрэл медалийг ийнхүү жүдо бөхөөр хүртсэн түүхтэй. Энэ медаль нь Монголын баг тамирчдаас олимпын наадмаас хүртсэн 15 дахь, манай жүдочдын 4 дэх медаль болж Монголын спортын түүхэнд тодоор бичигдэж үлдсэн.

 

“Афин-2004” зуны XXVIII олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Х.Цагаанбаатар Энэтхэг, АНУ, БНСУ-ын бөхчүүдийг дараалан ялж, харин Японы домогт бөх Т.Номурад ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Испанийн жүдоч Кенжи Уэмацүг ялснаар олимпын хүрэл медалийн тавцан дээр зогсож, Монгол Улсынхаа Төрийн далбааг эртний олимпын өлгий нутаг Грек улсын Афин хотын тэнгэрт мандуулсан билээ.

 

21 дүгээр зууны олимпын анхны медальт монгол тамирчин, “Булган сүүлт” Х.Цагаанбаатарын араас 2008, 2012, 2016 оны олимпод оролцсон Монголын баг тамирчдаас 14 медальтан төрөөд байна.


Тухайлбал, Н.Түвшинбаяр /жүдо/, Э.Бадар-Ууган /бокс/ нар “Бээжин-2008” зуны XXIX олимпын наадмаас алтан медаль хүртэж монголчууд анхны олимпын аваргатай болсон билээ. Өмнөд хөршид болсон энэ олимпын наадмаас О.Гүндэгмаа /буудлага/, П.Сэрдамба /бокс/ нар мөнгөн медаль хүртсэн бөгөөд ”Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав /байт харваа/ алтан медаль хүртэж Монгол Улс 2008 онд түүхэн дээд амжилт тогтоосон юм.

 

“Лондон-2012” зуны ХХХ олимпын наадмаас Н.Түвшинбаяр /жүдо/, Н.Төгсцогт /бокс/ нар мөнгөн медаль хүртсэн бол С.Ням-Очир /жүдо/, С.Батцэцэг /чөлөөт бөх/, У.Мөнх-Эрдэнэ /бокс/ нарын тамирчид олимпын хүрэл медальтан болсон түүхтэй.

 

Харин “Рио-2016” зуны XXXI олимпын наадмаас Д.Сумъяа /жүдо/ мөнгө, Д.Отгондалай /бокс/ хүрэл медаль тус тус хүртсэн бол “Рио-2016” паралимпын наадмаас Э.Содномпилжээ /пауэрлифтинг/, Б.Ууганхүү /пара жүдо/ нар хүрэл медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан билээ. Ийнхүү шинэ зуунд монголчууд 2 алт /1/, 5 мөнгө, 4 /2/ хүрэл медаль, нийт 11 /14/ медаль хүртсэн түүхтэй.

 

Х.Цагаанбаатар 1995 онд Дархан-Уул аймагт ОУХМ Н.Батлав багшийн шавь болж 11 настай жаахан хүү жүдо бөхийн барилдаанаар хичээллэж эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ цаг үеийн манай улсын алдартай тамирчдын нэг гэдгийг түүний амжилтууд нотолно.

 

Тэрбээр 2003 онд 60 кг-д, 2005 онд 66 кг-д Ази тивийн аварга болсон. Ази тивийн АШТ-ээс 3 мөнгө, 1 хүрэл, 2002 оны Оюутны универсиадын хүрэл медаль, 2005, 2009 оны самбо барилдааны дэлхийн аварга, 2004 оны Монгол улсын манлай тамирчин юм. Мөн 2006 онд Азийн XV наадмын аварга, Оюутны дэлхийн аварга, Зүүн Азийн аварга, "Korea Open" тэмцээний аварга цолыг тус тус хүртсэн байна.

 

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо бөхийн спортод анх хөл тавьсан түүхийг сөхвөл, 1994 онд сургуулийн нь чөлөөт бөхөөр барилддаг биеийн тамирын багш Ганбат 20 гаруй хүүхдийг улаан буланд матрас дэвсээд секц хичээллүүлж эхэлсэн тэр үеэс эхтэй гэдэг. Түүнд нь жил хүрэхгүй хугацаанд хичээллээд Дархан-Уул аймгийн Спортын төв ордонд Баярсайхан гэдэг багшийн чөлөөт бөхийн секцэнд орсон. 1995 оноос Улаанбаатар хотод ирж Н.Батлав багш дээрээ /Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын хорооны дарга/ самбо, жүдо бөхийн дамжаанд хичээллэсэн байна. Тухайн үед чөлөөт бөхийн секц хичээллэхгүй, ах нар бүгд наадмын бэлтгэлд гараад явчихсан байж. Харин 11 настай Цагаанбаатар хүү өдөр бүр Спортын төв ордонд очдог боловч секц орохгүй гээд буцаадаг байсан аж. Харин нэг өдөр Батлав багш тааралдаад “Чи самбо, жүдогийн секцэнд явах уу” гэж асуухад нь “Самбо, жүдо гэж юу байдаг юм. Бөх юм уу” гэсэн гэдэг. Тэгээд бөх гэхээр нь дуртай болохоороо жүдо бөхөд орж ирээдүйн их амжилтын хаалгаа нээж орсон хэмээн дурссан байдаг.

 

Х.Цагаанбаатар Нидерландын Роттердам хотноо 2009 онд болсон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 66 кг-д түрүүлж алтан медаль хүртэн, Монголын жүдочдоос Дэлхийн аварга цол хүртсэн анхны тамирчин болсон билээ. Тэрбээр энэ ДАШТ-д эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Казакстаны бөх С.Лимийг, гуравдугаар тойрогтоо Бельгийн бөх Ф.Фламандийг тус тус илүүрхэн ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Румын улсын бөхийг, хагас шигшээд ОХУ-ын бөх А.Гадановыг тус тус ялсан юм. Харин аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Испанийн бөх С.Уриартитэй барилдаж, ялснаар 2009 оны Дэлхийн аваргын алтан медалийг хүртэж, Монгол Улсынхаа төрийн дууллыг эгшиглүүлсэн билээ. Тэр дэлхийн аварга болсныхоо дараа сэтгэгдлээ хуваалцахдаа:  Би өнөөдөр их чадалтай байв. Миний өрсөлдөгчид их хүчтэй, техник сайтай байсан боловч тэд ядарсан, харин би огтхон ч ядраагүй гэж ярьсан байдаг.


 

Мөн 2010, 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, "Бага дэлхийн аварга" гэгддэг Парисын "Их дуулга"-ын хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр Монгол Улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 60, 66, 73 кг жинд 8 удаа түрүүлж алтан медаль хүртэж байсан бөгөөд хамгийн сүүлд 2019 оны УАШТ-д 90 кг-д барилдаж мөнгөн медаль хүртжээ. Оны спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” цомыг алдарт бөх Х.Цагаанбаатар гурван (2004, 2006, 2009 онд) удаа хүртсэн нь манай тамирчдын хамгийн дээд амжилт юм.


Тэрбээр, Монгол Улсын самбо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 14, Залуучуудын 2, Өсвөр үеийн 2 удаагийн аварга болж байжээ. 2000, 2006, 2009 онд самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа оролцож 3 алт, 1 мөнгө залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл, 2002 онд Өсвөр үеийн Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 2003, 2005 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга.


Мөн Х.Цагаанбаатар 2011 онд АНУ-ын Флорида мужийн Маиами хотод жүдо бөхийн "Дэлхийн цом"-д жин өгсөж, 73 кг-д зодоглож алтан медаль хүртжээ.    

   

 

Олон цагийн бэлтгэл сургуулилт, тасралтгүй үргэлжлэх тэмцээн түүнийг ямагт хүлээж байдаг ч мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлж байдаг нь үнэхээр бахархууштай. Энэ бол шилдэг жүдоч, тамирчин хүний бусдад үлгэр дуурайл болсон эрхэм давуу чанар юм. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд "Аварга" биеийн тамирын дээд сургуульд спортын чиглэлээр суралцсан. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бизнесийн удирдлагын ангийг амжилттай дүүргэсэн. Б.Цагаанбаатарын тамирчны ид оргил үеийн нэг болох 2011 онд гадаадад болсон тэмцээнд 51 удаа барилдахдаа 41-д нь өрсөлдөгчөө ялсан нь үнэхээр өвөрмөц амжилт байв. Тэрбээр олон улсын А зэрэглэлийн 12 тэмцээнд хүчээ сорихдоо алт, мөнгөн медаль тус бүр гурав, хоёр хүрэл медаль хүртэж, гурван тэмцээнд шагналт байрт орсон амжилтууд нь үнэхээр ямар чансаа, чадвартай шилдэг тамирчин болохыг нотолж байлаа.


Х.Цагаанбаатар жүдо, самбо бөхөөс гадна монгол үндэсний бөхөөр барилдаж 2007 онд Дорноговь аймгийн баяр наадамд 128 бөх хүчээ сориход аймгийн арслан Ш.Жаргалсайханаар долоо давж түрүүлэн Аймгийн арслан цол хүртсэн байна. Мөн 2014 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд барилдсан 256 бөхөөс тав давж шөвгөрөн Аймгийн арслан цолондоо чимэг нэмсэн билээ.


 

Түүний эхнэр нь 2008 оны Бээжингийн олимпын гар бууны 25 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн, Дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Отрядын Гүндэгмаа юм. Мөн тэрээр 6 олимпод дараалан оролцсон Монгол улсын анхны эмэгтэй тамирчин юм. Монголын спортын түүхэнд гэр бүлээрээ /нөхөр, эхнэр/ олимпын медальтан болон дэлхийн аварга, Ази тивийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх өндөр цол хэргэм хүртсэн гавьяатай тамирчид гэдгээрээ алтан үсгээр бичигдэх онцгой содон спортын алдартнууд билээ.



Холбоотой мэдээ