“Монголын үндэсний балет” уралдаан гурав дахь удаагаа болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-06-07 15:56:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны дэмжлэгтэй "Монголын үндэсний балет III" уралдаан энэ сарын 8,9-нд Монголын хүүхдийн ордонд болох талаар МУГЖ, балетчин Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчид мэдээллээ. 


Тус уралдааныг Монголын ирээдүйн шилдэг балетчдыг нээх, авьяасыг нь хөгжүүлэх, бүжгийн жүжгээр дамжуулан мөрөөдлөө биелүүлж, дэлхийн тавцанд өрсөлдөх иргэн бэлтгэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулж буй юм.


Жил ирэх тусам тэмцээний цар хүрээ өргөжиж байна. Энэ удаагийн тэмцээнд "Монголын Үндэсний балет", "Сор" зэрэг бүжгийн сургууль, орон нутгийн бүжгийн сургалтуудаас хүүхдүүд ирж оролцоно. Балетын урлагаар хичээллэх хүүхэд багачуудын тоо нэмэгдсээр байна. Тэмцээнд оролцсон хүүхдүүд цаашдаа илүү их амжилт гаргаж, дэлхийн өнцөг булан бүрт олон улсын хэмжээний тайзан дээр тоглож байгааг МУГЖ Д.Алтанхуяг хэллээ. 


Уралдаанд 6-18 насны 190 гаруй хүүхэд оролцох бөгөөд багийн, гоцлол гэсэн хоёр төрлөөр өрсөлдөх юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Хятад, Японы мэргэжлийн шүүчдээс гадна Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамьяндагва, СУИС-ийн багш Д.Алтантуяа нарын мэргэжлийн уран бүтээлчид  багтжээ.


 

Холбоотой мэдээ