Т.Аюурсайхан: Монгол, Туркийн харилцаа Хүннү гүрнээс эхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-07 17:00:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Турк улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд болов.



Хурлыг нээж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан үг хэлэв. Тэрбээр, “Манай тооллын өмнөх III зуунд Монголын газар нутаг дээр байгуулсан Хүннү гүрнээс эхтэй манай хоёр орны ард түмний харилцааны түүх олон мянган жил өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрсэн. Хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин дэвжиж байна.  2011 онд УИХ-аар шинэчлэн баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Турк улс нь манай гуравдагч хөрш мөн бөгөөд хоёр орон иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж байна”  хэмээв.


Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, түүх, соёлын талаар эрдэмтэн судлаачид илтгэл тавьж, хоёр орны харилцааг бүхий л талаас нь дүгнэн хэлэлцсэн юм.



Хуралд оролцсон ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ, “Манай хоёр хорны харилцаа шинжлэх ухааны салбарт ахиц гарч, шинэ эхлэл тавигдаж байгаа нь нэн сайшаалтай. Тухайлбал, 2004 оноос Монгол Улсын ШУА, Туркийн шинжлэх ухааны академийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулан ажиллаж байна. Энэ хэлэлцээрийн дагуу геологи, газар хөдлөл, сансар судлал, хэл шинжлэл, түүх архелогийн чиглэлд хоёр орны судлаачид хамтран судалж, цар хүрээ нь нэмэгдэж байна. Манай академич Л.Болд Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны Нийгмийн салбарын шагналыг БНТУ-ын Ерөнхийлөгч Т.Эрдаоны гараас хүртсэн явдал бол бидний хамтын ажиллагааны хүрсэн түвшинг маш тодорхой илтгэх нэг жишээ гэж би үнэлдэг юм” гэв. 


Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Шинжлэх Ухааны академийн Олон Улсын харилцааны хүрээлэнгээс УИХ дахь Монгол-Туркийн Парламентын бүлэг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Туркэд төгсөгчдийн Хамтын Ажиллагааны нийгэмлэг “АТА”-тай хамтран  зохион байгуулж байна.  

Холбоотой мэдээ