Жендэрийн эрх тэгш байдлыг хангах сайн туршлагуудаа хуваалцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жендэрийн үндэсний хорооноос
жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийг
танилцуулах, хуулийн хэрэгжилтийг орон нутгийн дэд хөтөлбөрөөр дэмжих, төрийн
албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх зорилгоор бүсийн сургалт, семинаруудыг шат
дараатай зохион байгуулж байгаа аж. Энэ удаад Дархан-Уул аймагт Зүүн 12 аймаг харилцан туршлага солилцож
байна.
Өнгөрсөн онд зохион байгуулсан сургалтаар олж авсан мэдлэгтээ тулгуурлан аймаг
бүр орон нутагтаа нэг ажлыг хэрэгжүүлэх даалгавар авчээ.
Энэ сарын 4,5-ний өдөр Завхан аймагт баруун бүсийн аймгууд үндэсний
хэмжээнд нэвтрүүлэх сайн туршлагаа шалгаруулсан байна.
Тухайлбал Завхан аймаг малчдын залгамж халааг бэлтгэхэд туршлага болохуйц, орон
нутгийн туршлагатай ахмад малчдын хүрээнд “Ахмад малчны зөвлөх үйлчилгээ”-г
хөгжүүлж байгаа бол Ховд аймаг нүүдэлчин малчдын өрхийн хэрэгцээнд нийцсэн, гэр
бүлийн янз бүрийн насны эрэгтэй, эмэгтэй хүнд ээлтэй дэвшилтэт орон сууцны шинэ
загварыг туршин хэрэгжүүлж байгаа аж.
Харин энэ удаад Зүүн 12 аймгийг хамруулсан семинар Дархан-Уул аймагт өнөөдрөөс
эхэлж байна.
Ирэх мягмар гараг хүртэл үргэлжлэх энэхүү семинарт аймгууд жендэрийн эрх тэгш байдлыг хангах
сайн туршлагуудаа танилцуулж харилцан туршлага судалж шилдэг туршлагаа
шалгаруулах юм.
Мөн энэ үеэр жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр өнгөрсөн онд жендэрийн
салбар хорооноос ирүүлсэн тайланг хэлэлцэж, 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтэд
мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажээ.