Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэх зорилт

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
ariunbold@montsame.gov.mn
2019-06-10 09:19:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 6-ны хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өргөн барьсан. Хуулийн төслийг боловсруулах ажлын багийн гишүүд  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн 28 хувийг өөрчлөх юм.



Өмнө нь Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилтын хүрээнд төсөлд тусгасан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаарх УИХ-ын гишүүн Я.Содбаатарын танилцуулгыг хүргэсэн. Энэ удаад Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах асуудлыг төсөлд хэрхэн тусгасан талаарх УИХ-ын гишүүн С.Бямбацогтын танилцуулгыг хүргэж байна.


1992 оноос өнөөг хүртэл хугацаанд 14 Засгийн газар ажилласан байна. Тодруулбал, нэг Засгийн газар дунджаар 1.5 жил л ажилласан гэсэн үг. Энэ нь гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байсантай холбоотой гэдгийг С.Баямбацогт гишүүн дурдаад 1998 оноос өнөөг хүртэл ажилласан Засгийн газруудын талаар доорх статистикийг танилцуулсан юм. Тиймээс энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлэх зорилт тавьсан байна.


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын баг нэн тэргүүнд УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллахыг хязгаарлах нь зөв хэмээн үзсэн байна. Засгийн газрын дийлэнх гишүүнийг УИХ-ын гишүүдээс томилсноор тухайн гүйцэтгэх засгийг огцруулж, өөрөө сайд хийх ашиг сонирхлын зөрчил үүсэж, огцруулах тохиолдол олон гардаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүнээр УИХ-ын гишүүд ажиллаж болно гэсэн заалт тусгасан байна. Дан гаднаас бүрдүүлсэн Засгийн газар өргөн мэдүүлсэн хууль, тогтоолоо батлуулахад хүндрэлтэй тул УИХ-ын цөөн тооны гишүүн ажиллах нь гүйцэтгэх засаглал бодлогоо тууштай хэрэгжүүлэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл, дээрх дөрвөн гишүүн нь УИХ, Засгийн газрын харилцаа, хамтын ажиллагааг хангах гүүр болно хэмээн тооцож буй юм.



Нөгөөтэйгүүр танхимын гишүүдээ томилох, огцруулах асуудлыг Ерөнхий сайд өөрөө шийддэг байх бүрэн эрхийг өгчээ. Одоо бол Засгийн газраа байгуулахдаа Ерөнхий сайд нь сайд нэг бүрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцүүлж, томилуулдаг байна. Ингэснээр сайд нарыг томилоход дэмжиж санал өгсөн УИХ-ын гишүүд хожим нь “Би чамайг дэмжсэн. Томилж болсон юм чинь огцруулж чадна” гэсэн байдлаар шантаажлах тохиолдол гардаг аж. Тиймээс Үндсэн хуулийн Засгийн газар байгуулахтай холбоотой 37, 39 дүгээр зүйлд доорх байдлаар өөрчлөлт оруулжээ.

 




Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхий сайдад эрх мэдэл олгосны хэрээр хариуцлага тооцох зохицуулалтыг ч мөн дэлгэрэнгүй тусгахыг зорьжээ.




Дээрх заалтууд нь Засгийн газар огцорсон дариуд дараагийн гүйцэтгэх засаглалыг байгуулах асуудлыг мөн агуулж буй юм. Өөрөөр хэлбэл, одоогоор Засгийн газар огцорсон тохиолдолд дараагийн Ерөнхий сайдаар хэн ажиллах нь тодорхойгүй байдаг. Үүний улмаас шинэ Засгийн газар байгуулагдахгүй удаж, төрийн ажил цалгарддаг. Тиймээс төрийн ажлыг түргэн, шуурхай явуулах үүднээс Ерөнхий сайдыг огцруулахдаа дараагийн хүний нэрийг хамт өргөн мэдүүлдэг байх, түүнийг шуурхай шийдвэрлэх зохицуулалт тусгаж буй юм.


Нөгөөтэйгүүр Засгийн газар хангалттай ажиллаж чадахгүй байна хэмээн УИХ-ын гишүүд ихээхэн шүүмжилдэг. Тиймээс Ерөнхий сайд улсын төсөв болон бусад бодлогын асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэж, өөрөөр нь шийдвэрлүүлэх агуулга бүхий тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлж болох зохицуулалт оруулах нь зөв хэмээн үзжээ. Хэрэв гишүүд уг тогтоолыг дэмжихгүй бол Ерөнхий сайдыг шууд огцорсонд тооцож, дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.


Ажлын баг Засгийн газрын тогтвортой байдлын дараа төрийн албанд анхаарлаа хандуулжээ. Тодруулбал, төрийн алыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс ангид байх заалтыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна. Энэ заалт одоогийн Үндсэн хуульд байхгүй.



Дээрх зохицуулалтыг тусгаснаар ээлжит сонгууль бүрийн дараа төрийн албанд халаа сэлгээ хийдэг байдал үгүй болох юм. Улмаар улс төрөөс хараат бус, чадварлаг, мэргэшсэн төрийн алба бий болгох боломж бүрдэнэ.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүн дахин сонгогдохын тулд улс төрийн “тоглолт” хийж, гүйцэтгэх засаглал, УИХ-ын ажилд саад учруулах асуудал гардаг хэмээн ажлын баг үзжээ. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгогддог байх зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулжээ.


 

Одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж буй хүнийг дараагийн буюу 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг хангах үүднээс дээрх зохицуулалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.


Гүйцэтгэх засаглалтай холбоотой дээрх зохицуулалтыг тусгаснаар төрийн алба мэргэшсэн, тогтвортой, Засгийн газар эрх мэдэлтэй, хариуцлагатай ажиллах, төрийн бодлогын залгамж чанарыг хамгаалах боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч нар үзэж буй юм.


Дараагийн удаад Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хэрхэн тусгасан талаарх УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын танилцуулгыг хүргэх болно. Харин Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилтын хүрээнд төсөлд тусгасан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаарх УИХ-ын гишүүн Я.Содбаатарын танилцуулгыг https://montsame.mn/mn/read/192056 холбоосоор уншина уу.

Холбоотой мэдээ