Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан Парламентын ардчиллыг төлөвшүүлэх зорилт

Монголын мэдээ | Нийтлэл
ariunbold@montsame.mn
2019-06-07 23:22:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ сарын 6-ны хуралдааны үеэр, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өргөн барьсан. Хуулийн төслийг боловсруулах ажлын багийн гишүүд өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулжээ. Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн дөрвөн чиглэлээр боловсруулсан энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Үндсэн хуулийн 28 хувийг өөрчлөх юм.

Ингээд энэ удаад, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах зорилтын хүрээнд төсөлд тусгасан нэмэлт, өөрчлөлтүүдийн талаарх УИХ-ын гишүүн Я.Содбаатарын танилцуулгыг хүргэе. Тэрбээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын багийн гишүүнээр ажилласан юм.



Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн хоёр дахь заалтыг 2000 онд “УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд нэг удаа 50-иас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн өөрчилснийг буцааж, өмнөх заалтыг эгүүлэн сэргээхээр төсөлд тусгасан байна. Тодруулбал, ээлжит чуулган ажлын 75 өдөр чуулдаг байхаар заажээ.



Хуулийн төслийг боловсруулах ажлын баг өнгөрсөн 27 жилийн УИХ-ын ажилд хийсэн судалгаагаар, УИХ ээлжит чуулганы хугацаанд 75-аас дээш өдөр чуулдаг гэсэн дүн гаргажээ. Тиймээс дээрх заалтыг сэргээх бүрэн боломжтой хэмээн үзсэн байна.


Мөн УИХ-ын 27 дугаар зүйлийг доорх байдлаар өөрчлөн найруулжээ.



2000 оноос өмнө УИХ-ын 51 гишүүн чуулганд ирснээр хуралдааныг эхлүүлж, олонхын саналаар буюу 26 болон түүнээс дээш гишүүн дэмжсэнээр хууль баталдаг байжээ. Харин 2000 онд хийсэн өөрчлөлтөөр чуулган 39 гишүүнтэй байхад хуралдаанаа эхлүүлж, түүний олонх буюу 20 гишүүн дэмжсэн тохиолдолд хуулийг баталж буй юм. Энэ нь давхардал, хийгүй чанартай хууль батлах шалгуурыг унагасан зохицуулалт хэмээн үзэж өөрчилжээ. Ингэхдээ хуралдаан 39 гишүүн ирснээр эхэлж болох ч, хуулийг УИХ-ын нийт гишүүний олонх буюу 40 болон түүнээс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд батална гэсэн зохицуулалт тусгаж буй юм. Ингэснээр хууль батлах босгыг өндөрсгөж, чанартай хууль батлах боломж бүрдэнэ хэмээн үзжээ.


Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлд заасан УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал хавсрахыг хориглох зохицуулалтыг доорх байдлаар өөрчилжээ.



Мөн үүн дээр Ерөнхий сайд Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болно гэсэн заалт тусгаж байгаа аж. Засгийн газрыг улс төрөөс ангид, 100 хувь гаднаас байгуулах боломж бий. Гэхдээ дан гаднаас бүрдүүлсэн Засгийн газар УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолоо батлуулахад хүндрэлтэй хэмээн ажлын баг үзжээ. Тиймээс УИХ, Засгийн газрын ойлголцлыг хангах, тэнцвэрт байдлыг хадгалахын тулд дээрх зохицуулалтыг тусгах болсон байна.


Үндсэн хуулийн 22.2 заалтад “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинээр сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ” хэмээн заасан. Нэмэлт, өөрчлөлтийн төсөлд дээрх заалтыг гурав салган дэлгэрүүлжээ.



Дээрх зохицуулалтыг хийснээр улс төржилтөөс үүдэн Ерөнхий сайдыг томилохгүй удах тохиолдол үгүй болох аж. Улмаар УИХ-аас Засгийн газрын гишүүдийг томилох бүрэн эрхийг хасаж, улсын төсөвтэй холбоотой зарим эрхийг хязгаарлажээ. Ингэснээр Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилдог, чөлөөлдөг болох юм.



Дээрх заалт нь нэг талаар Ерөнхий сайдын эрх, мэдлийг хэт нэмэх заалт гэсэн шүүмжлэл бий. Гэхдээ Ерөнхий сайд танхимаа найдвартай, хариуцлагатай хүмүүсээр бүрдүүлэх боломж олгох, чадваргүй танхим бүрдүүлсэн бол өөрөө огцрох заалт гэдгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар дурдсан.



Дээрх зохицуулалтыг Үндсэн хуульд тусгаснаар, Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр төсөвт шууд зардал нэмж, өргөн барьсан төсвийн төслийг танигдахгүй болтол өөрчилдөг тогтолцоог устгах юм. Тодруулбал, одоо УИХ-ын гишүүд өөрийн тойрогтоо ажил хийхийн тулд төсөвт ихээхэн хөрөнгө нэмдэг. Тиймээс төсөвт зардал нэмэх бол зайлшгүй Засгийн газрын зөвшөөрөл авдаг байх нь чухал хэмээн ажлын баг үзжээ. Мөн төрийн санхүү, төсвийг хараат бусаар хянах байгууллага байгуулахаар болж буй юм. Одоогоор төсөвт зөвхөн аудитын байгууллага хөндлөнгийн дүгнэлт хийж, зөвлөмж гаргаж байгаа. Ямар ч хариуцлагын тогтолцоо байхгүй. Тиймээс хариуцлага тооцох эрх бүхий төсвийн хяналтын байгууллагатай байх шаардлагатай байгаа аж.


Харин өмнө нь Үндсэн хуульд огт заагаагүй шинэ заалт төсөлд тусгасан нь хяналт, шалгалттай холбоотой зохицуулалт юм. Тодруулбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн 28.2-28.4 дэх заалтад Түр хороо байгуулахтай холбоотой зохицуулалт тусгажээ.



Түүнчлэн УИХ-ын сонгуультай холбоотой доорх зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ.


УИХ-д олонхыг бүрдүүлж буй улс төрийн намууд сонгууль болохоос нэг сарын өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилж байсан тохиолдол олон бий. Дээрх зохицуулалтыг хийснээр улс төрийн намууд өөрт ашигтай байдлаар хуульд өөрчлөлт оруулдаг тогтолцоог үгүй болгоно хэмээн үзсэн байна. Дэлхийн улс орнууд ч энэ жишгээр ажилладаг аж.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох заалт оруулжээ.


 

Дээрх зохицуулалт намуудын хөрөнгө мөнгө, санхүүжилтийг ил тод болгож, олон нийтийн хяналтад оруулахад чиглэж буйг Я.Содбаатар гишүүн тайлбарласан юм. Дээрх өөрчлөлтүүдийг хийснээр эрх мэдлийн хэт төвлөрөл үгүй болж, хариуцлагын тогтолцоо бүрдэнэ хэмээн үзэж буйгаа мөн онцлов.


Дараагийн удаад уншигчиддаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой УИХ-ын гишүүн С.Бямбацогтын танилцуулгыг хүргэх болно.

Холбоотой мэдээ