Хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-06-10 10:22:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аливаа улс, аймаг орон нутаг хөгжлөө тодорхойлохын тулд заавал бодлогын төлөвлөлттэй байх ёстой. Төлөвлөлттэй байна гэдэг нь өөрөө хөгжлийн үндсэн тулгуур зарчим гэж үздэг. Энэ хүрээнд Сүхбаатар аймгийн хөгжлийн урт хугацааны баримт бичгийг боловсруулж байна. Өөрөөр хэлбэл тус аймгийг 2028 он хүртэл хөгжүүлэх бодлогыг тодорхойлж буй юм.

Уг ажлыг 2018 онд орон нутгийн төсвийн 40 сая төгрөгөөр эхлүүлэн, тухайн ондоо баримт бичгийг хүлээн авах байсан ч тодорхой шалтгаанаар хойшилсоор өнөөг хүрчээ. Тиймээс энэ ажлыг дахин эрчимжүүлж, ирэх сард болох ИТХ-аар батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Салбар салбарын хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийж, бодлогын баримт бичигт тусгах саналуудаа тодорхой болгосон. Хамгийн гол нь баримт бичигт тусгагдах ажил нь хэрэгжих бүрэн боломжтой, нөгөө талаараа ард иргэдэд өндөр үр ашигтай байх ёстой. Сүхбаатар аймгийн хувьд эдийн засгийн гол суурь нь мал аж ахуй. Гэтэл судлаачдын үзэж байгаагаар эдийн засгийн бас нэг үүсвэр нь уул уурхайн баяжмал олборлолт гэж тодорхойлсон. Тиймээс эдгээр эх үүсвэрүүд дээр түшиглэн цаашид нийгмийн бүхий л салбарыг хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ гэдгийг энэхүү баримт бичигт тусгаж байгаа гэдгийг аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Х.Энхцэцэг онцоллоо.

Сүхбаатар аймгийн хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах ажлыг аймгийн ЗДТГ,  Хүний хөгжлийн судалгаа ТББ-тай хамтран  боловсруулж байна. Мөн холбогдох олон эрдэмтэн, судлаачид өөрсдийн саналыг тусгаж байгаа ажээ.

Ер нь хөгжлийн бодлогын урт хугацааны баримт бичгийг боловсруулах нь олон талын ач холбогдолтой. Урт хугацааны бодлогын баримт бичиг улс, аймаг, цаашлаад сумдад ч байх ёстой зүйл. Ингэж байж сая үр дүнд хүрч чаддаг. Ялангуяа аливаа сонгуулийн үр дүнгээс үл хамааран энэ нь цаашид хэрэгжсээр байх боломжтой. Өөрөөр хэлбэл ямар ч засаглал гарсан аймгийнхаа хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллах боломжтой байдгийг судлаач Г.Баттүвшин хэллээ.

Уг баримт бичиг нь үндсэн дөрвөн чиглэлтэй. Чиглэл тус бүр дотроо тодорхой зорилго, зорилтуудтай. Мөн 10 жилийн хугацаатай баримт бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд жижиг төсөл, дэд хөтөлбөрүүдийг боловсруулан салбар салбарт хэрэгжүүлэх аж.

Улмаар энэ сарын сүүлээр аймгийн ИТХ-д баримт бичгийг танилцуулж батлуулах юм байна. 

Холбоотой мэдээ