НАТО-гийн сургууль гуравдагч улсын эсрэг чиглээгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-10 10:59:59

БРЮССЕЛЬ. /TASS/. Балтын тэнгист ням гарагт эхэлсэн НАТО-гийн тэнгисийн цэргийн “BALTOPS-2019” сургууль нь гуравдагч улсын эсрэг чиглээгүй гэдгийг Умард Атлантын эвслийн албан ёсны төлөөлөгч Оаны Лунгеску мэдэгджээ.


Балтын тэнгисийн орнуудаас энэ сургуульд оролцоогүй цорын ганц улс бол ОХУ юм. НАТО-гийн гишүүн бус Швед болон Финланд улс түнш улсын хувиар оролцож байна. Тус хоёр орон Балтын тэнгисийн бүсийн хоёр гол улс юм.


“Балтын тэнгис нь эвслийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой газар бөгөөд НАТО-гийн гишүүн зургаан улс уг тэнгисийн эрэгт оршдог. Хэдийгээр 2014 онд Крымийг хууль бусаар ОХУ-д нэгтгэсний дараа бүс нутгийн аюулгүй байдал дордсон боловч 47 дахь жилдээ хийж буй "BALTOPS" сургууль нь хэн нэгний эсрэг чиглээгүй. Энэхүү сургууль бол манай цэргүүд хэр сайн хамтран ажилладгийг, НАТО ямар ч дайсны эсрэг өөрийгөө хамгаалах чадвартай гэдгийг харуулдаг” гэж  Оаны Лунгеску мэдэгджээ.


ОХУ өмнө нь уг сургуульд оролцдог байсан боловч Крымийг нэгтгэсний дараа болон Украины зүүн нутагт зэвсэгт мөргөлдөөн эхэлсний дараа тус улсыг урихаа больсон гэдгийг НАТО-гийн төлөөлөгч сануулан дурдсан байна.


Зургадугаар сарын 21 хүртэл үргэлжлэх энэ жилийн сургуулийг нээх ёслолын ажиллагаа Германы Кил боомтод ням гарагт болжээ. НАТО-гийн цэргүүд сургуулийн үеэр усан дорх мина болон дайсны шумбагч онгоцуудыг илрүүлж, устгах, агаар, тэнгисээс хийсэн дайралтыг няцаах стратеги боловсруулах аж. Уг сургуульд НАТО-гийн гишүүн болон түнш 18 улсын 8600 цэрэг оролцож байна.


"BALTOPS" сургуулийг анх 1971 онд ЗСБНХУ-ыг тогтоон барих зорилгоор хийж байжээ. ЗХУ задарсны дараа ОХУ уг сургуульд хэд хэдэн удаа оролцсон юм. Харин 2014 онд НАТО ОХУ-тай цэргийн хамтын ажиллагаагаа тасалсны дараа "BALTOPS" нь аажмаар анхны зорилго руугаа эргэн оржээ.


Холбоотой мэдээ