Дорноговь аймгийн Төв номын сан А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-10 12:58:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Дорноговь аймгийн Төв номын санг МУСГЗ, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор" цомын эзэн  яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын  нэрэмжит болгох тогтоолыг  тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталжээ.

А.Эрдэнэ-Очир тус аймгийн Улаанбадрах суманд төрсөн,  Монголын их утга зохиол, яруу  найрагт  “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  яруу найрагчдын нэгэн  төлөөлөгч юм. Тэрбээр “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлийг уншигчдын хүртээл болгосон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм.  Мөн  шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.




Холбоотой мэдээ