Энхийг сахиулагч нар Африкийн тосгонд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй наймдугаар мотобуудлагын батальоны алба хаагчид тус улсын Конг тосгонд “Алтан чагнуур” эмнэлэг-хүмүүнлэгийн ажиллагааг энэ сарын 3-8-нд зохион байгуулсан тухай Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.
Энэхүү тосгоны эрчүүд омог хоорондын зөрчил, тэмцлээс үүдэн дайжсан байна. Түүнчлэн цэвэр усны хомсдолтой, худгийн ус нь хатуулаг ихтэй тул, оршин суугчид нь муждаа ходоод гэдэсний өвчлөл хамгийн ихтэй байдаг аж. Тиймээс энэхүү хүмүүнлэгийн ажиллагаанд Конг тосгоныг сонгожээ.
Хүмүүнлэгийн аяны нээлтэд мотобуудлагын батальоны захирагч хурандаа Д.Жавхланбаяр, БНӨСУ-ын Эрүүл мэндийн яамны Муж хариуцсан дарга Абрехэм Атуол, Парианг суурингийн нарийн бичгийн дарга Виктор Нгуар, Конг суурингийн дарга Канг Куол, НҮБ-ын орон нутгийн орчуулагч Барнабас Чар, Гана Улсын Зэвсэглэсэн цагдаагийн эмэгтэйчүүдийн эмч дэслэгч Абремес, Конг суурингийн эмнэлгийн дарга сувилагч Жосеф Ачут, Барнавас Чол болон НҮБ-ын хэвлэл мэдээллийн ажилтан, эмч эмнэлгийн ажилтнууд оролцжээ.
Энэ үеэр тус суурингийн дарга Канг Куол хэлэхдээ, “Монгол Улсын энхийг сахиулагчдын энэхүү эрүүл мэндийн тусламж үйлчилгээ нь хүнд хэцүү цаг үеийг даван туулсан иргэдэд, настай хүмүүс тэр дундаа хол явж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах чадваргүй хүүхэд, эмэгтэйчүүдэд шинэ ирээдүйг бэлэглэсэн сайхан ажил болж байна” хэмээн онцлов. Мөн тэрээр, энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн болон Монгол Улсын Засгийн газарт талархсанаа илэрхийлжээ.
НҮБ-ын цэнхэр дуулгаар ижилссэн энхийг сахиулагчид байгаль цаг уурын хүнд нөхцөлд 15 км замыг 5 цагийн хугацаанд туулан Конг сууринд ажилладаг орон нутгийн эмнэлгийн дэргэд I шатны эмнэлгийн амбулаторын байранд төхөөрөмж суурилуулсан байна. Тэд мэс засал, чих хамар хоолой, мэдрэл, хүүхэд, дотор, шүд, эхо оншлогоо, зүрхний бичлэг, эмэгтэйчүүдийн үзлэг зэргээр үйлчилж, өвчтөнд цаашид хэрхэн эмчлүүлэх талаар зөвлөмж өгч, сургалт явуулжээ. Үзлэгийн үеэр оршин суугчдын нь 40 хувь нь мэс засал, гэмтлийн, 50 хувь нь дотрын, 10 хувь нь шүд, эмэгтэйчүүдийн өвчлөлтэй байсан. Мөн алба хаагчид тус суурингийн эмнэлгийн байр, хашааг засварлаж, сэргээсэн байна.
Мөн түүнчлэн орон нутгийн эмнэлгийн ажлыг дэмжих зорилгоор НҮБ, Монгол, Вьетнам улсын эмнэлгийн байгууллагууд хамтран 27 нэр төрлийн эм, тариа, шарх боох материал, эмчийн үзлэгийн бээлий зэргийг хүлээлгэн өгчээ.
Конг тосгоны иргэн Симон “Тосгоны оршин суугчдын дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байдгаас хол явж эмчид үзүүлж чаддаггүй. Харин энэ удаад НҮБ-ын цэргүүд, эмч нар биднийг зорин ирж эмчилгээ үйлчилгээ үзүүлсэнд тосгоны бүсгүйчүүдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье” гээд Монгол Улсын энхийг сахиулагчдын үйл хэрэгт амжилт хүссэн байна. Мөн энэ үеэр Монгол үндэстний урлаг соёлын хэсэгчилсэн тоглолт сонирхуулсан нь орон нутгийн удирдлага, иргэдийн талархлыг хүлээсэн байна.
Африкийн Бентью хотоос 120 км, төв замаас 15 км алсалсан Конг тосгон нь зах хязгааргүй талд нуур, цөөрөм, намгаар хүрээлэгдсэн, дэд бүтэц гэж байхгүй, төрөл бүрийн могой, хортон шавж элбэгтэй, явган хүний жим бүхий өтгөн мөчрөө дааж ядан дүнсийх өндөр моддын дунд байрладаг онцлогтой аж.