Конгресс Пентагонд 733 тэрбум ам.доллар төсөвлөнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-11 11:55:55

ВАШИНГТОН. /TASS/. Аравдугаар сарын 1-нээс эхлэх 2020 оны санхүүгийн жилд Пентагоны төсөв 733 тэрбум ам.доллар байх бөгөөд энэ нь Вашингтоны засаг захиргааны хүссэн мөнгөн дүнгээс 17 тэрбумаар бага төсөв аж. Энэ тухай Америкийн цэргийн ирэх оны төсвийн төсөлд дурджээ. 


Уг төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны дарга Адам Смит /Вашингтон муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн/ боловсруулжээ. Тус хороо уг хуулийн төслийг 2020 оны төсвийн талаар Конгресст гуравдугаар сарын 11-нд тавьсан АНУ-ын Засгийн газрын хүсэлтийн хариу болгож даваа гарагт нийтэлсэн байна.


“Смитийн санал болгож буй хуулийн төсөл нь манай цэргүүдийн байлдааны бэлэн байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх, улс орныг дайснуудаас хамгаалахад шаардлагатай шинэ програм хангамж, технологид хөрөнгө оруулах боломж олгоно” гэж баримт бичигт дурджээ. Тухайлбал, гадаадад явуулах ажиллагаануудад 69 тэрбум ам.доллар хуваарилахыг санал болгосон байна.


Уг хуулийн төслийг одоо Конгрессын хоёр танхим батлах ёстой бөгөөд дараа нь гарын үсэг зуруулахаар Ерөнхийлөгчид илгээнэ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп батлан хамгаалах салбарын зардлыг 2020 онд 750 тэрбум ам.долларт хүргэж, 5 хувиар нэмэгдүүлэх хүсэлтийг гуравдугаар сард Конгресст тавьсан байна. Үүний сацуу тэрбээр ирэх санхүүгийн жилд төсвийн алдагдлыг багасгахын тулд бусад яамд, байгууллагуудын зардлыг 5 хувиар бууруулахыг санал болгожээ.

Холбоотой мэдээ