Газрын тос боловсруулах үйлдвэрийн автозам 80 хувийн гүйцэтгэлтэй байна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-06-11 16:56:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан болон бусад албаны хүн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын явцтай танилцав.


Төмөр замын ажлыг өнгөрсөн сарын 22-нд дуусгасан бол автозам тавих ажил 80 орчим хувьтай байна. Замыг есдүгээр сард багтаан ашиглалтад хүлээн авахаар төлөвлөжээ. Дорноговь аймгийн Алтанширээ суманд барих газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км автозамын бүтээн байгуулалтад Зам, тээврийн хөгжлийн төв, “Ай Си Ти Сайн Консалтинг”  компанийн түншлэлийн инженерүүд зөвлөхөөр,  Зэвсэгт хүчний ангиуд гүйцэтгэгчээр ажиллаж байна.



Харин цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг 7 дугаар сарын 1-нд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Төмөр зам, автозам, цахилгаан дамжуулах шугамын ажилд орон нутгийн иргэд ч оролцож байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд бетон зуурмаг, цемент, хайрга, бусад материал, ажилчдын хоол хүнс зэргийг нийлүүлж байна.


Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах хүмүүсийг орон нутгийн МСҮТ-д бэлтгэх юм. Үүнээс БНЭУ-д мэргэжил дээшлүүлэх нийт хүний 30 хувийг нутгийн иргэдээс бүрдүүлэхээр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингхтэй тохиролцсон тухай Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин хэлэв.  



БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нэмсэн, түүхэнд тэмдэглэгдэн үлдэх бүтээн байгуулалт юм. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум ам.долларын импортыг орлох, стратегийн ач холбогдолтой үйлдвэр учир Монгол Улсын Засгийн газар ч онцгой анхаарал хандуулж байна. Үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм.

Холбоотой мэдээ