Сарын дундаж цалин нийслэлд 1.3 сая төгрөг байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-06-12 13:26:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар, нийслэл хотод ажиллагсдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байна.

Энэ нь улсын дунджаас 121.6 мянган төгрөгөөр их байгааг ҮСХ-ны статистикч Н.Өлзийханд өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцуулах үеэр мэдээллээ. Тэрээр, ажиллагчдын сарын дундаж цалинг өмнө нь ААН, байгууллагуудын тайлан судлагаанд суурилсан түүврийн аргаар тооцож байсан бол, 2014 оноос эхлэн мэдээллийн эх үүсвэрийг өөрчилж, НДЕГ-ын Нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцож байгааг тодотголоо.

Оны эхний улиралд НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд нийт 40.6 мянган ААН, байгууллагын 643.2 мянган ажиллагч хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААН, байгууллагын тоо 1.8 мянга, ажиллагчид 41.1 мянгаар тус тус нэмэгджээ. Үүнээс нийт ажиллагчдын 62.9 мянга нь 320 мянган төгрөг хүртэлх цалинтай, 83.5 мянга нь 500 мянган төгрөгийн, 209.8 мянга нь 500-900 мянган төгрөгийн цалинтай байна. Тэгвэл 144.2 мянга нь 900 мянгаас 1.3 сая төгрөгийн, 35.5 мянга нь 1.3-1.5 сая, 107.3 мянга нь 1.5 саяас дээш төгрөгийн цалинтай байна.

Ажиллагчдын цалин хөлсийг бүлгээр авч үзвэл, 500-900 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар буурчээ. Харин 1.1-1.3 сая төгрөгийн цалинтай ажиллагчдын тоо 3.8 мянгаар, 1.5 сая, түүнээс дээш цалинтай ажиллагчдын тоо дөрвөн мянгаар тус тус нэмэгдсэн байна.

Бүс нутгаар авч үзвэл, сарын дундаж цалин баруун бүсэд 784.9 мянган төгрөг, зүүн бүсэд 890.5 мянга, төвийн бүсэд 983.4 мянга, хангайн бүсэд нэг сая төгрөг байна. Эдгээр нь улсын дунджаас 147.7-373.0 мянган төгрөгөөр бага байна. Дундаж цалинг салбараар авч үзвэл уул уурхай, олборлох салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 2.8 сая төгрөг, харин зочид буудал, байр орон сууц болон нийтийн хоолын үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 729.9 мянган төгрөг байна.


Сарын дундаж цалингийн хэмжээг бид өмнөх оныхтой харьцуулсан юм. Өнгөрсөн оны байдлаар Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт ажиллагчдын:

  • 46.4 (7.1%) мянга нь 240.000 төгрөг хүртэлх цалинтай,
  • 112.2 (17.2%) мянга нь 240.00-500.000 төгрөгийн цалинтай,
  • 213.3 (32.7%) мянга нь 500.000-900.000 төгрөгийн цалинтай,
  • 140.9 (21.6%) мянга нь 900.000-1.3 сая төгрөгийн цалинтай,
  • 36.2 (5.6%) мянга нь 1.3-1.5 сая төгрөгийн цалинтай,
  • 103.3 (15.8%) мянга нь 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай байв.

                                   

Б.Болд

Холбоотой мэдээ