Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах судалгааны үр дүнг танилцуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-12 17:32:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сургууль, цэцэрлэгийн дулаан техникийн засвар шинэчлэлтийн ажлын нийгмийн болон эрүүл мэндийн үр ашгийг тодорхойлох судалгаа”-г нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хийж гүйцэтгэжээ.


Энэхүү судалгааны үр дүнг төслийн хамтрагч холбогдох байгууллага болон донор байгууллагын төлөөлөлд өнөөдөр танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлэхдээ “Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийг Улаанбаатар хотод нэмэгдүүлэх, хэрэгцээ шаардлага асар өндөр байгаа” гэдгийг онцолсон юм. Мөн төсөл хэрэгжүүлсний үр дүнд түүний үр шимийг хүртэгч хүүхэд, багш, ажилчдын өвчлөл буурч, өрхийн орлогод эергээр нөлөөлсөн үр дүн гарсанд талархаж буйгаа илэрхийлэв.

Сургууль цэцэрлэгт их засварын ажил хийснээр төслийн үр шим хүртэгч хүүхдүүд, эцэг эх, багш ажилчдад эрүүл мэнд болон нийгэм, эдийн засаг талаасаа тэдний ажил, амьдралд хэрхэн нөлөөлж, үр ашгаа өгч байгааг тоо баримттай судлан гаргаж ирэхийг зорьсон гэдгээ судалгааны багийнхан танилцуулгадаа онцоллоо.

Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй.

Төслийнн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90, 127 дугаар цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ