ӨМӨЗО-ы Баяннуур, Дундговь аймгийн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-06-12 23:18:49
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг, ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөн, үзэсгэлэн худалдаа зургадугаар сарын 12-ны өдөр Мандалговь хотноо эхэллээ. 

Хамтын ажиллагааг өргөжүүлэх энэхүү үйл ажиллагаанд Баяннуур аймгийн Ардын Засгийн нарийн бичгийн дэд дарга Алтанчулуугаар ахлуулсан 70 гаруй төлөөлөгч, үйлдвэрлэгчид, Дундговь аймгийн удирдлагууд, 15 сумын 60 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.  

Хамтарсан үзэсгэлэн худалдаа, зөвлөгөөн нь хоёр улсын, хоёр аймгийн гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тус хоёр аймгийн үйлдвэрлэгчдийн хооронд түншлэл, хамтын ажиллагааг бий болгох, харилцан санал солилцох боломжийг олгох зорилготой ажээ.  

Үзэсгэлэн худалдаанд хоёр аймгийн үйлдвэрлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж, орон нутгийн иргэд тус үзэсгэлэнг сонирхож, хэрэгцээтэй бүтээгдэхүүнээ худалдан авч байлаа.

Үзэсгэлэнд Баяннуур аймгийн үйлдвэрлэгчид төрөл бүрийн брэндийн гурил, гоймон, илжигний сүүн талх, шахсан маалингын үрийн тос, органик эрдэнэшишийн илтэс, наран цэцгийн үр, төрөл бүрийн самар, чавга, саван, малын төрөл бүрийн тэжээл, гар урлалын гээд маш олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон бол Дундговь аймгийн үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлал, эсгий урлал, гоёл чимэглэл, мөнгөн эдлэл, үхрийн ширэн хөхүүр, гэрийн оосор бүч зэрэг бүтээгдэхүүнээрээ оролцжээ.

Тус үзэсгэлэн худалдааны үеэр сүү, тараг, ааруул, ээзгий, бяслаг, хольсон тос гээд цагаан идээ хамгийн их эрэлттэй байж, Дэрэн, Говь-Угтаал, Гурвансайхан, Хулд зэрэг сумаас ирсэн малчдын авчирсан бүтээгдэхүүн хамгийн их борлуулалттай байсан.

Дундговь аймаг 21 үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд одоогоор бий болчихсон үйлдвэр цөөхөн. Тиймээс Баяннуур аймгийн хөгжсөн үйлдвэрүүдтэй түншилж, сав баглаа боодлоо сайжруулах, техник, тоног төхөөрөмж оруулж ирэх, зах зээлээ тэлэх зэргээр түншилж хамтран ажиллах боломж Дундговийн үйлдвэрлэл эрхлэгчдэд ийнхүү нээгдэж байна.

Хамтын ажиллагааны энэхүү үйл ажиллагаа зургадугаар сарын 13-ны өдөр хоёр аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтарсан зөвлөгөөнөөр үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ