Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг эхлүүллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-06-13 14:18:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн БОАЖГ-аас тус аймгийн таван суманд монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг эхлүүллээ. Мөнххаан суманд 12 эр, найман эм нийт 20 ширхэг тарвагыг зөөврийн аргаар авчирч нутагшуулав.

Энэ бол манай газрын зүгээс БОАЖ-ын сайд болон аймгийн засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийн хүрээнд хийж буй ажил юм. Аймгийн засаг даргын үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу орон нутгийн төсвийн байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 30 сая төгрөгийг үүнд зарцуулж байгаа. Монгол тарвага сэргээн нутагшуулах ажлын тендерийг өнгөрсөн гуравдугаар сард зарласан. Улмаар мэргэжлийн байгууллага болох Авралын эрэлд компани шалгарч ийнхүү тарвагыг эхнээсээ хүлээлгэн өгч байна. Ер нь монгол тарвага сэргээн нутагшуулах ажлыг өмнө нь 2006, 2011, 2012 онд хийж байсан. Үүний үр дүнд тарваганы тоо толгой эрс нэмэгдэж байгаа. Цаашид энэ байдлаар нь хадгалж, өсгөн үржүүлэх, хамгаалахын тулд тухайн сумдын удирдлага, байгаль хамгаалагч, иргэдийн үүрэг оролцоо маш чухал гэдгийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Х.Гүрсоронзон хэллээ.


Монгол тарвага сэргээн нутагшуулах ажил ийнхүү Мөнххаан сумаас эхэлж багаа бол цаашид Түмэнцогт, Эрдэнэцагаан, Дарьганга,Сүхбаатар суманд тус бүр 20, нийт 80 толгой тарвагыг нутагшуулах юм байна.

Өмнө нь манай сум тарвагатай байсан ч байгаль цаг уурын нөхцөл болоод бусад хүчин зүйлээс шалтгаалаад үгүй болсон. Харин монгол тарвагыг дахин нутагшуулж, сэргээх ажил сум орон нутагт маань хийж байгаад баяртай байна. Бид шинэ тарвагуудаа Хаан уулынхаа энгэрт нутагшуулж байгаа. Тарвагыг сумын ЗДТГ, ИТХ-аас хамгаалалтад авч ажиллах боловч нутгийн малчид, иргэд өдөр тутамдаа ажиглаж, ан амьтад болоод бусад зүйлээс хамгаалахад онцгой үүрэгтэй. Үүнд ч зохих чиглэлийг өгч ажиллахаа Мөнххаан сумын Засаг даргын орлогч Ю.Болортуяа  илэрхийлэв.

Тарвагуудыг Төв аймгийн Хустайн байгалийн цогцолбор газраас авчирчээ. 

Холбоотой мэдээ