ЖДҮ-ийн хөгжлийн бодлогыг хандивлагчдад танилцуулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-13 14:20:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ, Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас өнөөдөр хандивлагчдын дугуй ширээний уулзалтыг “ЖДҮ-ийг дэмжих түншлэл” сэдвээр зохион байгууллаа.

Уулзалтыг УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нээж хэлэхдээ, Монгол Улсад ЖДҮ-ийг хөгжүүлэх хууль эрхзүй, бодлого гарч, зээлийн мэдээллийн санг бүрдүүлж, энэ талын бие даасан агентлаг байгуулж ажиллахаар болоод байгааг танилцуулав.

Тэрээр, “Бид өмнө нь гарч байсан олон гажуудлыг засаж, бизнес эрхлэгчдэд илүү нээлттэй, ил тод байдлаар шударга явах ЖДҮ-ийн шинэ системийг бүрдэлдүүлж байна. Энэхүү шинэ системийг хөгжүүлж бэхжүүлэх, чадавхжуулах, санхүүжилтийг нэмэгдүүлж хүртээмжтэй болгоход олон улсын байгууллага, гадаадын улс орнууд, хандивлагч та бүхний дэмжлэг, оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй байна” гэдгийг онцоллоо.


Европын Холбооноос манай улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хөгжлийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч, ноён Пьер Ивс Лукас үгийнхээ эхэнд Монголд ЖДҮ-ийг хөгжүүлэх талаар хүчин чармайлт гаргаж буйг сайшаагаад, “Бид энэ талын санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийлээд, ЖДҮ-ийг доороос нь, бизнес эрхлэгчдийн санал авсны үндсэн дээр бодлогоо чиглүүлж, кластерийн системээр цогцоор нь цэгцлэх байдлаар хөгжүүлэх ёстой” гэсэн саналаа хэлж, “Хамгийн гол нь бизнесийн орчныг сайжруулахад анхаарах”-ыг тэмдэглэж байв.

Европын Сэргээн босголт, хөгжлийн банкнаас ЖДҮ-ийг хөгжүүлэх зөвлөх үйлчилгээний хөтөлбөрийг үргэлжлүүлж, энэ  хүрээнд жижиг, дунд бизнесийнхний ур чадварыг дээшлүүлж, шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх замаар хөгжүүлэх боломж бийг онцолж байв. 

Өнөөдрийн уулзалтаар хандивлагч байгууллагууд Монгол дахь ЖДҮ-ийн өсөлтийг түргэтгэх стратеги, хөтөлбөрүүдтэй танилцаж, мэдээлэл солилцож хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.

Б.Болд

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ