Азийн хуулийн сургуулиудын захирлын VI форумд 24 орны төлөөлөл оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-14 14:09:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа МУИС-ийн Хууль зүйн сургууль, БНХАУ-ын Эрх зүйн боловсролын Ассоциаци, Реминий их сургуулийн хууль зүйн сургууль хамтран зохион байгуулж буй Азийн хуулийн сургуулиудын захирлын VI форум өнөөдөр эхэллээ.


Энэхүү форумыг анх 2001 онд Азийн орнуудын хуулийн их, дээд сургуулиудын дэмжлэгтэй Бээжин хотод зохион байгуулснаас хойш Солонгос, Сингапур зэрэг улсад 5 удаа зохион байгуулсан байна. 

Энэ удаа  “Хуулийн сургуулийн нийгэм дэх үүрэг ба өрсөлдөх чадвар: Азийн сургуулиудын туршлага ба ирээдүй” гэсэн үндсэн сэдвийн доор “Эрх зүйн боловсрол дахь Ази болон зүүний асуудал”, “Нийгмийн асуудал, олон нийтийн хэлэлцүүлэг ба эрх зүйн боловсрол”, “Нийгмийн хэрэгцээг эрх зүйн боловсрол хэрхэн хангах вэ: идэвхтэй ба идэвхгүй”, “Олон үндэстний оюутан ба соёл” гэсэн асуудлуудыг хэлэлцэж цаашлаад “Эрх зүйн боловсролын үзэл баримтлал ба харилцан туршлага солилцох нь” сэдвээр энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм.

 2001 оноос эхлэн чухал ач холбогдол, үр дүн бүхий платформ болж хөгжсөөр ирсэн уг форум нь Азийн хуулийн сургуулиудын сургалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, сургалтын технологийн өөрчлөлт шинэчлэлт болон орчин үеийн боловсролын тогтолцоо, хууль зүйн сургалтын онцлог, хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал, хэтийн төлвийн талаар санал, туршлага солилцоход ихээхэн ач холбогдолтойг холбогдох албаны хүмүүс онцолж байв.


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, профессор Ж.Эрдэнэбулган,“МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хувьд 60 орчим жилийн турш хөгжлийн олон үе шат дамжин ирсэн. 1990-ээд оноос эхлэн бид эрх зүйн хөгжлийн шинэ тогтолцоонд шилжиж өндөр хөгжилтэй орнуудын хуульчид бэлтгэн гаргаж буй хөтөлбөрийг суурьшуулж эхэлсэн. Одоо бид сургуульдаа Монгол, Япон, Солонгос улсын гурван том эрх зүйн хөтөлбөрийг зэрэгцүүлэн хэрэгжүүлж байна” гэлээ.

Уг форумд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Хятадын Ренмины Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Хууль Зүйн сургууль, БНСУ-ын Кореа Их Сургуулийн Хууль Зүйн сургууль, БНСУ-ын Күүкмины Их Сургуулийн Хууль зүйн Сургууль, Япон улсын Нагоягийн Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль зэрэг нийт 24 их дээд сургуулийн захирал, дэд захирал оролцож, илтгэл хэлэлцүүлж, санал солилцож байна.


М.Батчимэг 


Холбоотой мэдээ