Эмч нарын үзлэгээр хавдар, хавдрын сэжиг наймыг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-06-18 11:58:17

Архангай /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн санаачилгаар Улсын нэгдсэн Төв эмнэлгийн анагаах ухааны доктор Б.Болормаа, Н.Сувдаа тэргүүтэй эмч нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р баг, Төвшрүүлэх, Цэнхэр сумын иргэдэд элэг цөс, ходоод гэдэс, дотоод шүүрэл, зүрх судас, уушиг, бөөр, мэдрэлийн эмгэг судлал, чих хамар хоолой, эмэгтэйчүүд, шүд, ЭХО оношилгооны чиглэлээр үзлэг, шинжилгээ хийж, эрүүл мэндийн төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүллээ.

Үзлэгт 1000 гаруй өрхийн, давхардсан тоогоор 2921 хүн хамрагдсан бөгөөд ЭХО, зүрх судас, бөөр, уушигний болон чих хамар хоолойн үзлэгт хамгийн их хүн үзүүлжээ. Үзлэгийн дүнд хавдар хоёр, хавдар байж болох сэжиг зургаа, анхаарал татсан онцгой эмгэг 11 илэрсэн байна.

Мөн 535 хүн зүрх судас, уушги, бөөрний үзлэгт хамрагдсанаас артерийн даралт ихсэх өвчнөөр 43.92 хувь буюу 235 хүн оношлогдсон байна. Уг 235 хүнээс 89 өвчтний артерийн дээд даралт 160 ба түүнээс дээш байгаа нь тэд зүрхний шигдээс, тархины цус харвалтаар амь насаа алдах, хөдөлмөрийн чадвар алдах зэрэг эрсдэлтэй байгаа ажээ. Мөн мэдрэлийн эмчийн үзлэгт 468 иргэн хамрагдсанаас 90 гаруй хувьд нь нуруу, хүзүү болон толгойн өвдөлт давамгайлсан байна.

Хөдөөгийн иргэд жингийн илүүдэлгүй, хөдөлгөөний хомсдолгүй боловч дээрх өвчлөл их байгаа нь амьдралын нөхцөлийн онцлог, тухайлбал хүнд юмыг буруу өргөх, нурууны хамгаалах бүс хэрэглэдэггүй, тогтмол дасгал хөдөлгөөн хийдэггүйтэй холбоотой гэж үзжээ. Мөн үзлэгт хамрагдсан иргэдийн дунд хэвлийн таргалалт, элэгний өөхжилт түлхүү оношлогдсон нь чихрийн шижин, артерийн даралт ихсэлт, сарын тэмдгийн алдагдал, үргүйдэлд хүргэх магадлал өндөртэйг эмч нар хэлж байв.

Холбоотой мэдээ