Өсвөр хээлтүүлэгч малд шилэн сонголт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-15 19:40:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мал үржлийн алба малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор өсвөр хээлтүүлэгч шилэн сонгож, бойжуулах ажил хийсэн байна.

Бүрэгхангай сумын Цахт,  Дашинчилэн сумын Хараат, Лах, Могод сумын Баянгол багийн малчдын сүргээс шилмэл нэгдүгээр ангийн стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгчийг бие галбир, амьдын жин, зүсээр нь шилэн сонгон авч, ялган тэмдэглэгээ хийж бүртгэжээ.

- Нийт 3 сумын 33 малчин өрхөөс 331 толгой хурган хуц шилэн сонгож тавьж байгаа нь хээлтүүлэгт орох нас хүрэх үед тохироогоор 19.0 мянга гаруй эм хонь хээлтүүлэгт орох боломж бүрдэх юм.

Цаашид  малчин өрхүүдийг малын ашиг шим, гарал үүслийг нарийн судлан тогтоож цөм сүрэг бүхий малчин өрх, аж ахуйн нэгжийн малаас шинээр нөхөн тавих тооцоо судалгаа гарган ажилахаар төлөвлөн ажиллаж байна гэж Мал үржлийн албаны дарга М.Жавзандолгор ярилаа.

Монгол Улсын Төрийн соёрхолт, зөвлөх мал зүйч Г.Алтангэрэл, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн А.Ганхуяг, Ц.Бямбацогт, аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Алтанбулаг, тухайн сумын мал зүйч нар оролцон өсвөр хээлтүүлэгч сонгох ажлыг гүйцэтгэж байна.

Залуу мал зүйч болон залуу малчдад Төрийн соёрхолт, зөвлөх мал зүйч Г.Алтангэрэл бог малын шилэн сонголт, ангилалт хийх, өсвөр хээлтүүлэгчийг сонгон бойжуулахад анхаарах зарим асуудлын талаар зөвлөгөө өгсөн нь чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо гэж Хүнс, хөдөө аж ахуйн газар мэдээллээ.

Холбоотой мэдээ