Х.Хишигт: Усан үзмээ гадаа талбайд тариалахаар зорьж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2019-06-17 10:10:37
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Өвлийн хүлэмждээ усан үзэм, мандарин тарьж нутагшуулаад түүнийгээ гадаа хүлэмжид ургуулж, үржүүлэхээр зорьж буй аграномич Х.Хишигттэй уулзлаа. Тэрээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Сэлэнгэ цогцолборын дэргэдэх “Хүлэмжийн аж ахуй”-н аграномич юм. Жилийн дөрвөн улирал навчит болон нарийн ногоо, эмийн ургамал, олон наст цэцэг тарьж буй түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Энд ургаж буй ногооны хамгийн “амттай” хэсэг нь усан үзэм, гүзээлзгэнэ л  харагдаж байна. Усан үзмийн ургац хэр байна?

-Хүн бүр л усан үзмийг хараад уулга алддаг. Аваад идчихмээр  байна гэдэг. /инээв/. Бид 2015 оноос Сибирийн гурван сортыг авчирч хүлэмждээ тарьж эхэлсэн. Одоогоор өвлийн хүлэмжид тарьж болдог гэдгээ харууллаа. Цаашид нийлэг хүлэмж буюу өрх гэрийн хэрэгцээний хүлэмжид тарьж ургуулахыг зорьж байна. Хүн бүр өвлийн хүлэмжтэй болж чадахгүй. Харин нийлэг хальсан уутан хүлэмжтэй болж чадна. Иймд гадаа талбайд усан үзэм тариалах зорилгоор энэ сортыг ургуулж, үржүүлж байна.





-Гадаа талбайд бас эмийн ургамал тарьж байгаа харагдсан. Ямар зорилгоор тарьж байна?

-Монголд уул уурхайн олборлолт хаа сайгүй байна, бэлчээрийн талхлалт ч их байна. Үүнээс улбаатай эко систем алдагдаж, зун нь ч зун шиг биш болж байгаа энэ үед эмийн ургамлууд дагаад устаж байна. Мөн сүүлийн үед иргэд жин хасах, биеэ цэвэрлэх зорилгоор байгалийн гаралтай ургамал их хэрэглэж байна. Үүнтэй холбоотойгоор эмийн үйлдвэрүүд хувь хүн, иргэдтэй гэрээ байгуулж эмийн нойтон ургамлыг нэг тонныг нь тэдээр авна гэж үнэлж байгалиа сүйтгэж байгаад харамсдаг. Тиймээс эмийн эх ургамлыг эндээ туршилтаар тарьж эхэлсэн. Өвчин, зовлонд ийм ургамал сайн гэж хэлэнгуут л хүмүүс байгаль руу шууд дайрчихдаг. Ингэхдээ үндсээр нь эсвэл үр нь унах болоогүй үед түүж байна. Ер нь ганцхан хүн бүх зүйлийг иддэггүй шүү дээ. Тэр ургамал, өвсөөр чинь өөр бусад олон ан, амьтан хооллож байгаа. Хүн төрөлхтөн зөвхөн өөрсдөө идэх ёстой юм шиг аашилж байна. Ялангуяа сүүлийн үед хавдрын өвчлөл нэмэгдэж буй энэ үед иргэд шүүдэргэнэ ургамлыг их түүж байна. Тиймээс бид эмийн эх ургамлыг эндээ туршилтаар тарьж, түүнийгээ  үржүүлж, нутагшуулахаар зорьж байгаа. Цаашид хүмүүс эмийн ургамал авахыг хүсвэл эх тариамал ургамлаас нь авах эсвэл үрийг нь авч өөрсдөө тарих, бүүр бүтээгдэхүүн болгоод бэлдчихсэнийг нь ч авч хэрэглэх хэрэгтэй. Ингэж сурах хэрэгтэй байгаа юм.

-Танай хүлэмж хэдэн онд ашиглалтад орсон бэ? Ургацаа үйлдвэрийн ажилчдын хоол хүнсэнд нийлүүлдэг үү?

-1981 онд анх оросууд энэ хүлэмжийг байгуулсан. Талбай жижиг учир үйлдвэрийн ажилчдын хоол хүнсэнд нийлүүлэх хэмжээнийх гардаггүй. Гэхдээ тодорхой хувийг нь Сэлэнгэ амралтын бааз руу нийлүүлдэг. 2005 оноос монголчууд ажиллуулж эхэлсэн. Одоогоор бүх төрлийн нарийн ногоо, навчит ногоо, нэг болон олон наст цэцэг, ургамал, усан үзэм, гүзээлзгэнэ тарьж байна. Өвлийн хүлэмж учир жилийн дөрвөн улирал ургац хураан авдаг. Хүлэмж маань төвийн дулааны шугамд холбогдсон.

-Нэг болон олон наст цэцэг ургамал тарьдаг гэлээ. Эдгээр цэцгийг үйлдвэрийн гадна тохижилтод ашигладаг уу?

-Уул уурхай дагасан хотын ногоон байгууламж, байгалийн нөхөн сэргээлт их чухал. Иймд нэг наст болон олон наст цэцэг үрслүүлж тарьдаг Гэхдээ нэг наст ургамал тарьж, ургуулахад цаг хугацаа, хөдөлмөр их зарцуулдаг. Энэ нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байдаг. Тиймээс олон наст ургамал, бут, сөөг тарьж эхэлсэн. Мөн өөр газар мод үржүүлгийн аж ахуй байгаа. Одоогоор 10 гаруй төрлийн мод үржүүлж байна. Хэдэн жилийн дараагаас тарьж эхэлнэ. Энэ цэцэг, навч, мод, бут, сөөгийг зөвхөн үйлдвэрийн нөхөн сэргээлтэд бус Эрдэнэт хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд ашиглана.  

-Хүнсний ногооны үр, үрсэлгээ, бордоо, хөрс боловсруулалт бүгд л эко байхыг хэрэглэгчид хүсдэг болж. Их ургац гэхээсээ “эрүүл” ургац авах нь чухал болжээ. Эс бөгөөс бидний идэж, ууж, хэрэглэж байгаа бүхэн органик биш болж үүнийг дагаад өвчин, эмгэг ч нэмэгдэж байна.

-Тийм шүү. Органик хүнс гэдэг бол хөрснөөсөө эхлээд л органик байх ёстой байдаг. Иймд бид нарийн ногооныхоо хөрсийг хоёр жил тутам сольдог. Заримдаа тэрнээс богино хугацаанд сольдог. Хөрсөө бордоогоор бордоод ашиглаад байж болох ч гол нь хортон шавьжгүй ургуулахын тулд ойр, ойрхон сольдог. Хортон шавьж гарч ирэх тусам л бордоо ашиглана гэсэн үг. Гэхдээ бид бордоогоо уламжлалт арга буюу өтгө, бууцаар хийдэг. Ер нь хүлэмжийн аж ахуй эрхэлнэ гэдэг сэтгэл л их шаарддаг ажил. Энэ бүхэн чинь амьд ургамал учир хүний сэтгэл санаа, зүтгэлийг анддаггүй. Иймд бид амьд организмтай харьцаж ажиллаж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй байдаг.

-Танд баярлалаа.

 







 

 

 

 

Холбоотой мэдээ