"Баян Айраг Эксплорэйшн" ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоов

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-16 22:20:59

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Дөрвөлжин сумын нутагт үргэлжилсэн усархаг бороо орсны улмаас тус сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн нуруулдан уусгах үүрийн хойд хэсэгт уулын үерийн ус орж, 1693 м.кв талбайд үүрийн ёроолын хэсэгт дэвссэн плёнкноос хальжээ.

Энэ дагуу Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадоржоор ахлуулсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчид газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тус компани цианид ашиглан нуруулдан уусгах технологиор алт олборлодог бөгөөд хуримтлагдсан үерийн усыг хөрсөнд шингээхгүй байх арга хэмжээ авч, насосоор соруулан бусад үүр руу шилжүүлэх ажил хийж байна.

Компанийн олборлолтын үйл ажиллагааг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр зогсоож, ус хөрс, уснаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгөөд байгаа аж. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 оны нэгдүгээр сард уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлсэн бөгөөд тус зөвлөмжийн 9 дүгээр заалт “Хур тунадас ихтэй газрын уулын овоолгуудад зуны улиралд суулт гулсалт гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, болзошгүй үер, усны аюул бүхий уурхайд хаалт, хамгаалалтын арга хэмжээг урьдчилан хийж, үерийн уснаас хамгаалах суваг, далан хаалт байгуулах, үерийн урсгалыг уурхайд нэвтрүүлэхгүй арга хэмжээг авах” тухай тодорхой заасан хэдий ч урьдчилсан байдлаар тус компани ТЭЗҮ-д тусгагдсан үерийн ус зайлуулах суваг шуудуу, даланг байгуулаагүйгээс тухайн нөхцөл үүссэн гэж үзэж байна. Үүнээс гадна нуруулдан уусгах хоёр, 14, 15 дугаар үүрийн овоолгод хагарал үүсч нуралт, гулсалт болох эрсдэлтэй нөхцөл үүссэн байна.

 Уурхайн цианидын агуулахыг битүүмжилжээ

Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг Эксплорейшн” компани Завхан аймаг дахь алтны үндсэн ордын олборлолтоо 2014 оны 9 дүгээр сараас эхлүүлсэн байна. Баян-Айрагийн алтны үндсэн орд нь Улаанбаатар хотоос 1250 км буюу Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт оршдог ажээ.

Уг орд нь 48 тонн алт, 150 мянган тонн зэс, 2.6 сая унц мөнгөний нөөцтэй, Монголын алтны хамгийн том үндсэн орд юм. Мөн Завхан аймаг дахь анхны уурхай гэдгээрээ онцлог. Тэгвэл энэхүү томоохон уурхайд өмнө нь хоёр ч удаа цианид алдаж байсан тухай албан бус мэдээлэл бий. Тухайлбал Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус компанид 2019 оны гуравдугаар сард хийсэн хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүдийг илрүүлж Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн боловч “Баян Айраг Эксплорэйшн” компанийн зүгээс албан шаардлагын хариу ирүүлээгүй, үр дүнд хүрсэн ажил зохион байгуулж ажиллаагүй байна. 

Үерийн улмаас байгаль орчинд учруулсан байж болзошгүй хохирлын хэмжээг тооцох, хөрсөнд алдагдсан байж болзошгүй химийн бодисыг саармагжуулах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд цианидын агуулахыг лацдаж, Зөрчлийн хуулийн дагуу аймгийн Прокурорын зөвшөөрлөөр Улсын байцаагчийн актаар зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар уурхайн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа талаарх мэдээллийг Мэргэжлийн хяналтын газраас өгөв.  

Холбоотой мэдээ