Улаангом сумын 5-р цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-06-17 12:19:40

Увс /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайдын тушаалаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарлаа. Тус цэцэрлэгийг 1974 онд байгуулсан бөгөөд 45 дахь хичээлийн жилдээ сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. 

Сүүлийн гурван жилд тус цэцэрлэг нь хамран сургах тойргийн хамрагдалтыг 90 хувьд хүргэж, зургаан бүлэгт 27 багш, ажилчидтайгаар 280 гаруй хүүхдийг хүлээн авч, сургуулийн өмнөх боловсрол олгож байна. Тавдугаар цэцэрлэгийн амжилт гэвэл 2014 онд Аймгийн тэргүүний цэцэрлэг, 2015 онд “Сургалтын таатай орчин бүрдүүлсэн цэцэрлэг”, Увс аймгийн “Төрийн үйлчилгээний тэргүүний байгууллага”, 2016 онд аймагт ажлаараа 2-р байр, 2017 онд аймагт ажлаараа тэргүүн байр тус тус эзэлж байжээ. Мөн 2017 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага хамт олон” 1-р зэргийн гэрчилгээ, 2018 онд аймагт ажлаараа 2-р байрт шалгарч, “Шинэ арга зүй, сайн туршлага түгээгч” цэцэрлэгээр шалгарч байсан төдийгүй БСШУСЯ-наас зарласан “Уран шувууны үүр” бүтээлч санааны чуулбарт улсад “Зөвөөр үлгэрлэе” арга зүйгээрээ 4-р байрт тус тус шалгарсан байна.

Одоогоор тус цэцэрлэг нь энэ сарын 3-наас эхлэн нэг сарын хугацаатай зуны цэцэрлэг ажиллуулж байгаа бөгөөд 2-4 насны дөрвөн бүлэгт 120 гаруй хүүхдийг хамруулан нар, ус, агаараар чийрэгжүүлж байна.

Холбоотой мэдээ