Египетийн аялал, жуулчлалын салбар уналтад орж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-03-31 11:21:31

КАИР. /TASS/. “EgyptAir” компанийн зорчигч тээврийн онгоцыг барьцаалсан хэрэг нь Египетийн аялал, жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж, уналтад орууллаа гэж тус улсын Аялал, жуулчлалын холбооны тэргүүн Элхами Эль-Заят мэдэгдэв.

"Египетийн нисэх онгоцны буудлын аюулгүй байдал стандартын шаардлага хангахгүй байгааг энэ хэрэг харуулсан бөгөөд бусад оронд онцгой сургамж болж байна. Мөн Египетийн агаарын тээврийн төвийн аюулгүй байдлын тухай ойлголтыг сулруулж байна" гэж Эль-Заят мэдэгдээд, Их Британийн “Control Risks” аудитын компанитай байгуулсан гэрээг 6 сараас 2 жил хүртэлх хугацаагаар сунгахыг санал болгосон байна.

Нисэх онгоц барьцаалсан хэрэгтэй холбоотойгоор Египетийн пирамид руу аялах хүмүүст сэрэмжлүүлэг өгч, улмаар гадаад жуулчдын тоо буурна гэсэн айдас Египетийн аялал, жуулчлалын салбарт ажилладаг хүмүүс дунд байна гэж шинжээчид мэдэгдэв.

Гэвч Египетийн Аялал, жуулчлалын яамны гадаад жуулчид хариуцсан газрын дарга Мохамед Абдель-Габбар, яаран дүгнэлт хийх эрт байна гэж мэдэгдсэн байна.

“Үр дагаврын тухай ярих дэндүү эрт байна. Улс төрийн хувьд уг хэргийг Египетийн эсрэг ашиглах нь ойлгомжтой. Мөн үүний улмаас Египет-ОХУ хоорондын нислэгийг үргэлжлүүлэх асуудал хойшлогдоно” гэж Габбар мэдэгджээ. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 31-нд ОХУ-ын “А321” зорчигч тээврийн нисэх онгоц Египетийн Синайн хойгт сүйрсний улмаас хоёр улс хоорондын нислэгийг зогсоосон билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ