Увс аймгийн Засаг дарга аргаль агнах зөвшөөрлийг хууль зөрчин олгожээ

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2019-06-17 15:12:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан аргаль агнах зөвшөөрлийг олон тоогоор, хууль зөрчин олгосон талаар тус аймгийн Бөхмөрөн сумын иргэд болон “Гулзатын санаачилга” ТББ-аас өнөөдөр мэдээлэв.


Тодруулбал, “Гулзатын санаачилга” ТББ Увс аймгийн ангийн менежментийг хэрэгжүүлэх зорилгоор одоогоос 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Анх тус ТББ-ыг байгуулахад тус аймагт 200 гаруй тоо толгой аргаль байсан бөгөөд ангийн зөв менежмент хэрэгжүүлснээс 2000 тоо толгойд хүргэсэн байна. Гэвч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Гулзатын санаачилга” ТББ-ын ажлыг булааж, “Нөхөрлөлийн холбоо” нэртэй ТББ-д шилжүүлжээ.


Энэ талаар “Гулзатын санаачилга” ТББ-ын гишүүн Б. Даваасамбуу, “Аймгийн удирдлагууд сүүлийн гурван жилд биотехникийн ажилд зарцуулах хөрөнгө гаргаж өгөөгүй. Иймээс аргаль, угалзад өгөх хужир, давс авах боломжгүй болж, жилд 60-80 аргаль угалз хорогдож байна. Түүнчлэн бид ангийн менежмент хийдэг байхдаа жилд хамгийн ихдээ дөрвөн аргаль агнах зөвшөөрөл олгодог байсан бол одоо гадаадын анчдад нэг жилд арав гаруй аргаль агнах зөвшөөрөл олгодог болоод байна” гэв.

Холбоотой мэдээ