Ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд гэнэтийн шалгалт хийжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-06-18 12:05:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Прокурорын газраас санаачлан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд орон нутаг дахь хууль хяналтын байгууллагуудын ажлыг уялдлуулах зорилгоор уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гэнэтийн шалгалт хийжээ.

Бүрэгхангай, Дашинчилэн суманд хийсэн шалгалтыг аймгийн прокурорын газраас ахалж, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Шүүхийн шинжилгээний алба, Татварын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд оролцсон байна.

Шалгалтаар зарим компани, нөхөрлөлүүд ус ашигласны гэрээг дүгнүүлээгүй, усны тоолуур байхгүй, геодезийн хэмжил зураглалд ашиглаж буй багаж байхгүй, техник, тоног төхөөрөмжийн хаягдал тос, шатах тослох материал хөрсөнд асгасан, нүхэн жорлонд хог хаягдлыг хийдэг, бохирыг хөрсөнд шингээсэн, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэнгүй зэрэг зөрчил илэрсэнийг хууль, журмын дагуу шалгаж, шийдвэрлэхээр боллоо гэж аймгийн Прокурорын газраас мэдээллээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доорх барилга байгууламж барьж хууль бусаар газрын хэвлийд халдсан бол хүнийг 5,4-27,0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх, уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс болон ашиг сонирхлынх нь төлөө үйлдсэн бол тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 27,0-400,0 сая төгрөгөөр торгох ял оногдуулахаар заасан байна. Мөн Зөрчлийн тухай хуульд тусгаснаар “ашигт малтмалын тухай хууль зөрчсөн” тохиолдолд зөрчлийн шинж, байдлыг харгалзан учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 150,0 мянган төгрөгөөс 1 сая, хуулийн этгээдийг 1,5-10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах журамтай аж. 

Холбоотой мэдээ