“Нандин өв” бий биелгээний уралдаанд 100 орчим өв тээгч оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-18 14:52:58

Ховд /МОНЦАМЭ/. “Нандин өв” бий биелгээний уралдаан Ховд аймагт боллоо.

Монгол ардын язгуур соёл, уламжлал бүдгэрч, авьяас билэгтнүүд нь улам бүр цөөрсөөр байгаа энэ цагт “Нандин өв” бий биелгээний уралдааныг Монгол Улсын СТА, дууч, биелээч, товшуурч Б.Цэрэндуламын нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог юм.

Б.Цэрэндулам нь бий биелгээнээс гадна урианхай угсаатны ёс заншил, хувцас хэрэглэл, оёдол, хатгамал, урт, богино дуу, товшуур, икэл хөгжим зэргийг шавь нартаа зааж, өвлүүлж байна. Энэ ч утгаараа  “Нандин өв” бий биелгээний уралдааны үеэр тус уран бүтээлчийн хийсэн хувцас хэрэглэл, хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн гаргаж, олон нийтийн хүртээл болгов.
Энэхүү уралдаанд Ховд аймгаас гадна Эрдэнэт, Завхан, Баян-Өлгий, Увс аймгийн 100 орчим уран бүтээлч, өв тээгч оролцож, урианхайн цацал биелгээ ба уран хатгамал, оёдол гэсэн хоёр төрлөөр өрсөлдсөн байна.

Урианхайн цацал биелгээний төрөлд оролцогчид 4-11, 12-20, 20 дээш гэсэн гурван насны ангилалд авьяас, ур чадвараа сорьсон бол уран хатгамал, оёдлын төрөлд оролцогчид урианхай эмэгтэйн үсний гэр, тэрлэгний зах урлажээ.

Монгол Улсын нийт хүн амын нэг орчим хувийг алтайн урианхай угсаатан эзэлдэг. Тэд ардын баатарлаг тууль, цуур хөгжим, сурын харваа, бий биелгээ, шүтлэг бишрэл, ардын дуу зэрэг өв соёл, уламжлалаараа бусад угсаатнаас ялгарч байдаг.  

Энэ удаагийн уралдаанаар дамжуулан  урианхай угсаатны өвөрмөц  соёлыг  сурталчилсан  бөгөөд бий биелгээг залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээж, түгээн дэлгэрүүлснээрээ чухал ач холбогдолтой юм.

“Нандин өв” бий биелгээний уралдааныг Монгол ардын язгуур урлагийн бий биелэг холбооны тэргүүн З.Лхагвасүрэнгийн санаачилгаар Ховд аймгийн Дуут сумын ИТХ, ЗДТГ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг байгууллага ивээн тэтгэж ажилласан байна. 


 

 

Холбоотой мэдээ