Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болов

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-06-18 14:48:44

Архангай /МОНЦАМЭ/. Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол энэ сарын 16,17-ны өдөр боллоо. 

Уг ёслолыг Цэнхэр сумын Цэнхэр багийн Тахидаг дэл хэмээх газар тахисан ба ёслолд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Монгол Улсын Ерѳнхийлѳгчийн илгээлтийг ард иргэдэд уншиж танилцуулан тэнгэрийн сумыг харваж, бор морь сэтэрлэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Монгол Улсын Ерѳнхийлөгч асан Н.Энхбаяр зэрэг олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв.

Төрийн тахилгат Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгын наадмын үндэсний бѳхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой 64 бѳх барилдсанаас Цэнхэр сумын харьяат аймгийн арслан Ц.Цогт-Эрдэнэ түрүүлж, Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч үзүүрлэлээ.

Наадмын үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, спортын мастер, аймгийн мэргэн Ш.Балсэнгэ түрүүлж, Эрдэнэбулган сумын уугуул, залуу харваач Д.Мягмарсүрэн, Эрдэнэбулган сумын харьяат, спортын дэд мастер, аймгийн мэргэн Б.Түвшинбаяр, Эрдэнэбулган сумын харьяат, спортын дэд мастер Г.Амартүвшин, Эрдэнэбулган сумын залуу харваач  Г.Одсүрэн нар удаах байруудад орлоо.

Харин эмэгтэй харваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа түрүүлж, Эрдэнэбулган сумын харьяат залуу харваач Э.Цэцэгдэмбэрэл, Эрдэнэбулган сумын залуу харваач Б.Хөхөөжаргал, Эрдэнэбулган сумын харьяат, спортын дэд мастер, аймгийн мэргэн Э.Цэрэндолгор, залуу харваач З.Соёлоо нар дараагийн байруудад орсон байна.

Суварга хайрхан уулын тэнгэрийг тайх тахилгад зориулсан наадмаар азарга, их насны морьдын уралдаан болсон. Азарганы уралдаанд 25 азарга хурдалснаас Батцэнгэл сумын уяач н.Цогтгэрэлийн зээр түрүүлж, Цэнхэр сумын уяач н.Алтанбаганын хүрэн аман хүзүүнд хурдаллаа.

Хурдан их насны морьдын уралдаанд 35 морь уралдсанаас Цэнхэр сумын уяач Баасангийн хээр түрүүлж, Цэнхэр сумын уяач Төмөрхуягийн хул аман хүзүүнд орсон байна. 

Холбоотой мэдээ