Жилд 4000-5000 гэр бүл салж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-19 13:47:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүлийн тухай хуулийг сайжруулах зорилгоор иргэдийн саналыг авах "Хамтдаа хэлэлцье" аяныг улс орон даяар явуулсан бөгөөд, хамгийн олон давтамжтай саналыг УИХ-д хүргүүлнэ хэмээн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэв. 


Тус аян гуравдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 1-н хүртэл явагдсан бөгөөд 21 аймгаас нийт 19 мянга 500 орчим, нийслэлээс 10 мянга гаруй иргэдийн санал иржээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос тэдгээр саналыг багцалж, УИХ-д хүргүүлэх, улмаар Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж батлуулах чиглэлээр ажиллахаа  Монгол ньюс мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлов. 


Иргэдээс ирсэн саналаас дурдвал, 

  • Гэр бүлийн боловсролыг насны онцлогт тохируулан албан болон албан бусаар олгох,
  • Эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр “Хүүхдийн тэтгэлгийн сан”-г байгуулж хүүхдийн эрхийг хангах, тэтгэлгийг насны ялгаваргүй олгох,
  • Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг гэр бүлийн хууль болон бусад хуульд оруулах,
  • Гэр бүлийн талаар дагнан мэргэшсэн шүүгч, өмгөөлөгч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн тоог нэмэгдүүлэх, чадавхжуулах
  • Архины бусармаг хэрэглээнээс болж гэр бүлд хүчирхийлэл байгаад төр онцгой анхаарлаа хандуулах,
  • Одоо мөрдөж байгаа хуульд гэр бүлийг төрөөс дэмжинэ гэсэн заалтыг тодорхой болгож, бодитой хэрэгжүүлэх,
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг зогсоох шийдвэрээ цуцалж, хуулийг эргэн хэрэгжүүлэх зэрэг санал иржээ.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа хэлэхдээ, "Гэр бүлийн харилцааг зохицуулах хууль нь маш үнэ цэнэтэй, сайжруулах шаардлагатай хуулиудын нэг. Монгол Улсад жилд 4000-5000 гэр бүл шүүхийн шийдвэрээр салж байна.  Түүний цаана хүүхдүүд өнчирч, хөгжил, эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хохирч байдаг.  Эцэг эх нь салсан 10 хүүхэд тутмын хоёр нь гэр бүлийн тэтгэмж авдаг.  Мөн гэр бүл салсны дараах өмчийн асуудал, хүүхдийн тэтгэмж тогтооход хуулийн нарийн зохицуулалт шаардлагатай байна. Тиймээс энэхүү аяныг зохион байгуулах нийгмийн хэрэгцээ, шаардлага байсан" гэв. 

А.Гэрэлтуяа

Холбоотой мэдээ