“Windows 10”-ыг суурилуулсан төхөөрөмж 270 сая давав

Дэлхийд | Нийгэм
jargal@montsame.mn
2016-03-31 16:07:47

МОСКВА. /TASS/. “Microsoft” компанийн “Windows 10” үйлдлийн системийг суурилуулсан төхөөрөмжийн тоо 270 сая нэгжээс давсан тухай тус компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Терри Майерсон “Microsoft Build 2016” бага хурлын үеэр мэдээлжээ.

“Windows 10” нь “Windows”-ийн түүхэнд хамгийн өндөр амжилтыг харуулж байна. Уг үйлдлийн шинэ системийг 270 гаруй төхөөрөмжид суурилуулсан бөгөөд энэ нь мөн хугацаанд “Windows 7”-г суурилуулж байсан төхөөрөмжийн тооноос 145 хувиар илүү тоо юм” гэж тэрбээр хэлжээ. “Windows 10”-ыг гаргасан мөчөөс хойш хэрэглэгчид 75 тэрбум гаруй цагийг системд өнгөрүүлсэн байна.

“Microsoft” компани мөн “Windows 10”-ын шинэчилсэн хувилбар болох “Windows 10 Anniversary” үйлдлийн системийг 2016 оны зун гаргах гэж байгаагаа мэдэгджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ