Монгол, гадаад ажилчдын харьцааг хуульд зааснаар барьж ажиллахыг зөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 16:28:46

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Улааны орд газарт холимог металлын олборлолт явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь-Шинь” ХХК-ийн олдворлолтын үйл ажиллагаа эхэлж байгаатай холбогдуулан тус компанийн үйл ажиллагаатай аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг танилцлаа.

Ажлын хэсэгт аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарчлал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын зүүн бүс дэхь газрын дарга, Авто тээврийн үндэсний төвийн Дорнод салбар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Улз голын сав газрын захиргаа зэрэг аймгийн Засаг даргын дэргэдэх мэргэжлийн байгууллагын төлөөлөл багтсан байна. Ажлын хэсгийнхэн уурхайн үйл ажиллагаа, техник технологи болон хаягдлын далантай танилцаж уурхайн өөрсдийн чиглэлээр санал бодлоо хэлж уурхайн удирдлагуудтай санал солилцлоо.

Мөн тус уурхайд ажиллаж буй 80 гаруй монгол ажилчидтай уулзаж тэдний саналыг сонсож уурхайн удирдлагуудад танилцуулсан. Ажлын хэсгийн зүгээс уурхайн удирдлагуудад Монгол Улсын хуулийн дагуу монгол, гадаад ажилчдыг 75/25 гэсэн харьцаатай ажиллуулж, монгол ажилчдыг нарийн мэргэшлээр дагалдуулан сургаж, цаашлаад удирдлагын түвшинд ажиллуулах тал дээр илүү анхаарч ажиллахыг зөвлөгөө болголоо.

Улааны холимог металлын орд нь 500 хүний ажлын байр гаргах боломжтой ба жилдээ 900,000 тонн хүдэр олборлох хүчин чадалтай.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ