ОУХМ Б.Чинзориг Олимпийн эрхээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2016-03-31 17:23:08

БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо өнөөдөр "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн боксын тэмцээний хагас шигшээ тоглолт эхэллээ. 

Эрэгтэй 64кг-ын жинд хүч үзсэн Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Киргизстаны Эрмек Сакеновыг 3:0 харьцаатай хожсоноор мөнгөн медалийн болзол хангаж, "Рио-2016" Олимпийн наадамд оролцох ширэн бээлийтнүүдийн анхны эрхийг эх орондоо авчирлаа. ОУХМ Б.Чинзориг алтан медалийн төлөө Казахстаны Аблайхан Жуссуповтой өрсөлдөнө. 

Өнөөдөр рингнээ гарсан манай боксчдоос 49кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ Узбекистаны Хасанбой Дусматовт, 75 кг-ын жинд ОУХМ Н.Шинэбаяр 2013 оны Дэлхийн аварга Казахстаны Жанибек Алимханулыд ялагдлаа. Одоо Олимпийн наадмын эрхийн төлөөх нэмэлт тоглолтод ОУХМ Г.Ган-Эрдэнэ Энэтхэгийн Девендро Лаишрамтай, ОУХМ Н.Шинэбаяр Австралийн Даниэл Люистэй тоглоно. 

Орой 19:00 цагаас эхлэх хагас шигшээ тоглолтод 60 кг-ын жинд  ОУХМ Д.Отгондалай, Японы Дайсуке Наримацутай, 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат, Тайландын Сэйлом Ардитай тус тус тоглоно.

Монголын Үндэсний шигшээ баг тамирчдаас 21 нь Бразилийн “Рио- 2016” зуны XXXI олимп, паралимпийн XY наадамд оролцох эрхийг ийнхүү аваад байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ