“Penguin Random House" анх удаа монгол зохиолчтой гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-24 19:26:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зохиолч Д.Төрмөнх "Миний мэдэх Женко Баттулга", “Санкара” эссэ роман бүтээлээ англи хэлээр хэвлэхээр Сингапур улсын “Penguin Random House” хэвлэлийн компанитай гэрээ байгуулжээ. 


Сэтгүүлч, зохиолч, кино найруулагч Д.Төрмөнх хэлэхдээ, "Монголын ард түмэн уран зохиолын арвин түүхтэй, Penguin Random House-тай хамран ажиллах замаар Зүүн Өмнөд Азийн уншигчдад зориулж миний хоёр номыг нийтлэх болсонд туйлын их баяртай байна. Эдгээр хоёр ном нь монголчуудын нийгмийн шилжилтийн үеийг илүү дэлгэрэнгүй, баримтжуулж харуулсан бүтээл юм” хэмээн онцоллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийнх нь тухай ном англи хэлээр хэвлэгдэх болсонд зохиолчид хандан сэтгэгдлээ илэрхийлжээ. Тэрбээр, “Penguin Random House хэвлэлийн компани анх удаа Монголын зохиолчийн номыг дэлхий дахинд олны хүртээл болгохоор гэрээ байгуулж буйд Монгол Улсын төрийн тэргүүний хувиар сэтгэл хангалуун байна. Ирээдүйд олон монгол зохиолч гадаад оронд өөрийн бүтээлээ хүртээл болгохыг хүсэхийн сацуу бүтээлч зохиолч Д.Төрмөнхдөө ажлын арвин амжилт хүсье” хэмээжээ.


"Penguin Random House” хэвлэлийн газар нь дээрх бүтээлийг анхны бөгөөд цорын ганц албан ёсны эрхтэйгээр энэ оны сүүлээр монголоос англи хэл рүү орчуулан гаргахаар төлөвлөсөн юм байна. 


“Нохойн орон”, ‘Талын хот” зэрэг киног бүтээж, олон улсын наадмуудаас 20 гаруй шагнал хүртсэн, түүнчлэн “Бодлын хулгайч”, “Ларьдма” зэрэг нийгэмд шуугиан тарьсан кино зохиолыг бичсэн сэтгүүлч, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх Женко Баттулга” намтарчилсан хөрөг номыг 2015 онд туурвисан билээ.


Дашрамд дурдахад, “Penguin Random House” компани нь  дэлхий даяар 10,000 орчим ажилтан, 250 салбар нэгжтэй, жил бүр 15,000 нэр төрлийн ном хэвлэж 800 сая ном борлуулдаг шилдэг байгууллага юм.

Холбоотой мэдээ