Сэлэнгэ аймгийн Шаамар сумын ЭМТ Н.Даваацэрэнгийн нэрэмжит боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-06-24 22:41:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Эрүүл мэндийн төв Монгол Улсын Төрийн шагналт, хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор, профессор Намжилын Даваацэрэнгийн нэрэмжит боллоо.

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 01-р сарын 30-ны өдрийн хуралдаанаар Шаамар сумын “Эрүүл мэндийн төв”-ийг ийнхүү их хүмүүний нэрэмжит болгон шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 53 жил өөрийн хөлс, хүч, оюун ухаанаа зориулан олон сайхан шавь бэлтгэхийн зэрэгцээ төчнөөн мянган хүнд халуун амь, амьдрал бэлэглэсэн энэрэлт эмч, аугаа эрдэмтнээ нутгийн ахан дүүс ийн мөнхжүүллээ.  

Энэ сарын 22-ны билэгт сайн өдөр болсон эл хүндэтгэл үзүүлэх ёслолд Н.Даваацэрэн агсаны хань Д.Адъяа, түүний охин АУ-ны доктор, дэд профессор Д.Уранчимэг, хүү Д.Баатар, мөн Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич П.Нямдаваа, АШУҮИС-ийн хүндэт доктор, АУ-ны доктор профессор, академич Ц.Лхагвасүрэн, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, Шаамар сумын ИТХ-ын дарга С.Мягмартогтох, болон албаны төлөөлөгчид нутгийн ахан дүүс, төрөл төрөгсөд нь уригдан оролцлоо.

Үйл ажилагааны хүрээнд түүний шавь нар буюу АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн тэргүүтэй нарийн мэргэжлийн эмч нар багшийнхаа алдар гавъяаг хүндэтгэж, нутгийн иргэд, зоныг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамрууллаа. Түүний шавь АУ-ны доктор профессор, академич Ц.Лхагвасүрэн “Миний багш жинхэнэ эмч, эрдэмтэн байлаа. Энэ хүнээс хүн байхын утга учир, хүнлэг зан чанар, тусч нинжин сэтгэл, хүнийг хайрлахын ухааныг олж харсан. Хамт олондоо ямагт эцэг нь байж, шавь нартаа үргэлж урагш тэмүүлэхийн урмыг өгч байсан эгэл бөгөөд хүний эрхэм дээд байлаа” хэмээн дурсан өгүүллээ.  

Монгол Улсын Төрийн шагналт, хүний гавъяат эмч, анагаах ухааны доктор профессор Н.Даваацэрэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндийн Үүдэн бургас хэмээх газарт 1938 онд төржээ. Улмаар 1948-1954 онд Сэлэнгэ аймагт бага сургууль, 1954-1958 онд Улаанбаатар хотын 10 жилийн 3-р сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшин, 1958-1965 онд Москва хотын Н.И.Пироговын нэрэмжит Анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцаж, хүний их эмч мэргэжил эзэмшсэн байна. 

Холбоотой мэдээ