Эрүүл мэндийн газар АНУ-ын ЭСЯ-тай хамтран хоёр төсөл хэрэгжүүлнэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-06-25 11:53:58
Архангай /МОНЦАМЭ/. АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн харилцааны хэлтсийн төлөөлөгчид Архангай аймагт ажиллажээ. Төлөөлөгчдийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа хүлээн авч уулзан орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр АНУ-ын ЭСЯ-д хүргүүлсэн төслийнхөө талаар санал солилцсон юм.
Дээрх төсөл нь АНУ-ын ЭСЯ-тай хамтран Архангай аймагт нэн шаардлагатай байгаа “Өвчтөн хэвтээгээр тээвэрлэх зориулалтын авто машин”-ы төсөл, эмч, сувилагч болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг сургах, чадавхжуулах сургалтын төвийг тохижуулахад шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж нийлүүлэх гэсэн агуулгатай бөгөөд төслүүдийг аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлэх болсондоо таатай байгаагаа төлөөлөгчид дурдсан юм.
ЭСЯ-ны төлөөлөгчид хэлэхдээ, “Архангай аймгийн Эрүүл мэндийн салбартай хамтран ажиллах мөн дээрх төслүүдийг бодит болгон хэрэгжүүлэх нь АНУ-аас үзүүлж буй хүмүүнлэгийн ажлын нэг хэлбэр юм" хэмээн онцолсон юм.
Төлөөлөгчид Архангай аймгийн Цэнхэр сумын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад АНУ-ын ЭСЯ-ны зүгээс үзүүлж болох дэмжлэгийн талаар сумын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүд болон ЭМГ-тай санал солилцсон ажээ.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид өмнө нь өнгөрөгч 05 дугаар сард Архангай аймагт албан томилолтоор ажиллан аймгийн төрийн байгууллагын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж байжээ.
Холбоотой мэдээ