Ээлжит бус чуулган хаалтаа хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-18 17:55:46

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Чуулганы хуралдааныг хааж УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж үг хэлэв.

Тэрбээр үгийнхээ эхэнд, "2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал болон Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн билээ. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолыг баталж, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломжийг бүрдүүлсэн" гэдгийг онцоллоо.

Тэрбээр мөн, "УИХ Ерөнхийлөгчийн хоригийг энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцэн хүлээн авч, тогтоол гарган шийдвэрлэлээ. Ингэснээр Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 болон 7 дугаар зүйл уг хуулиас хасагдан Өршөөлийн тухай хуулийн бусад, хүчин төгөлдөр Өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэх болно. Ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье" гэв.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд