Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрийн ихэнх нь лабораторигүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-06-27 15:18:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас нийслэлийн хэмжээнд 142  мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжид шалгалт хийж 1234 зөрчил илрүүлжээ.


Уг зөрчлийн 799 буюу 64.7 хувийг арилгуулж, 133 аж ахуйн нэгж, иргэнд улсын байцаагчийн хугацаат албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн байна.

Зөрчил илэрсэн 87 аж ахуйн нэгж, 7 үйлдвэрт зөрчлийн хэрэг нээж, нийт 82 сая төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Махны 77 үйлдвэр буюу 93 хувь нь өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд хяналт тавьж, чанар аюулгүй байдалд баталгаа гаргах дотоодын лабораторигүй, мэргэжлийн боловсон хүчин хангалтгүй, 34.3 хувь нь үйлдвэрлэлийн гадна орчин, барилга байгууламжид тавих эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаагүй орчинд баталгаагүй тоног төхөөрөмж ашиглаж, ажилчдаа шинжилгээнд бүрэн хамруулсан эсэх нь тодорхойгүй нөхцөлд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг тогтоожээ.

Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрийн 43.7 хувь нь түүхий эд, бүтээгдэхүүнийг агуулах, гүн хөлдөөх камерт хадгалахдаа ангилж, төрөлжүүлэн хана шалнаас зайтай хураагаагүй, хаягжилт, тэмдэглэгээ хийгээгүй, технологийн горимд хяналт тавьдаггүй. Махны үйлдвэрүүдийн 75 буюу 90.9 хувь нь махыг агуулахаас чөлөөлсний дараа ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэж, агуулахын дотоод орчноос улиралд нэгээс доошгүй удаа нян судлалын шинжилгээнд хамруулж, сорилтын дүнг архивлаж, халдваргүйжүүлэлтийн үр дүнг  тооцдоггүй зөрчил илэрчээ.

Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Л.Баясгалан: Махан бүтээгдэхүүний үйлдвэр нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах ёстой. Шалгалтаар хүнсний чанар стандартын чиглэлээр 83 үйлдвэрээс 40 орчим хувь нь хангалтгүй гэх үзүүлэлт гарсан. Сүүлийн жилүүдэд тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй, мах экспортолдог компаниудад бэлтгэн нийлүүлэх зорилгоор ажилладаг жижиг үйлдвэрүүд олширсон. 2017 оны судалгаанаас үзэхэд зөвхөн нийслэлийн хэмжээнд 234 мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулдгийг тогтоосон. Үүнийг дагаад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал ч эрс нэмэгдсэн. Бид төлөвлөгөөт шалгалтаас гадна зөрчил гаргасан байгууллагын сургалт зохион байгуулан, хууль дүрэм журам болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа.

Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Баярсанаа: Мал нядалгааны 75 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн. Мах, махан бүтээгдэхүүний техникийн ерөнхий стандартын дагуу мал төхөөрөх үйлдвэрийн эмч тухайн малд анхан шатны үзлэг хийх ёстой. Гэвч энэ үзлэгийг хийдэггүй, малын эмчгүй цаашлаад лабораторийн тоног төхөөрөмжгүй зөрчил нэлээд илрүүлсэн. Уламжлалт аргаар мал нядалгаа хийж буй үйлдвэрүүдийг 2014 оноос хойш төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтад тогтмол хамруулдаг. Мал төхөөрөхөд ашигласан хутга, тоног төхөөрөмжийг 82-оос дээш хэмтэй халуун усаар ариутгах ёстой боловч эдгээр үйлдвэрт халуун усны хангамж байдаггүй. Ерөнхийдөө үйлдвэрийн ариун цэвэр эрүүл ахуйтай холбоотой зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.


Б.Ариунтуяа


Холбоотой мэдээ